Ц.Дунгармаа: “Тамхигүй орчин бүрдүүлэх” зорилгоор аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна

2016 оны 4 сарын 12
 

Чингэлтэй дүүрэгтээ орон сууц бүхий хороодын нэг болох 6 дугаар хороонд энэ жил хийгдэх бүтээн байгуулалт, амжилттай хэрэгжүүлсэн ажлуудын талаар тус хорооны Засаг дарга Ц.Дунгармаатай цөөн хором ярилцлаа. 

Сайн байна уу? Юуны түрүүнд та манай уншигчдад хорооныхоо талаар товч танилцуулаач?

Сайн сайн байна уу. Манай хороо  2015 оны хүн амын завсарын тооллогын урьдчилсан байдлаар  2100 гаруй  өрхийн 8000 гаруй хүн амтай байна. Ерөнхийдөө гэр хороололгүй, дан орон сууц, ААН олон гэдгээрээ дүүргийнхээ бусад хороодоос ялгардаг. 19.7 га газартай, 42 орон сууцтай, 210 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

Хороонд төрийн үйлчилгээг халамж, бүртгэл, хөдөлмөрийн мэргэжилтэн зэрэг 6 төр захиргааны албан хаагч иргэдэд үйлчилж байна.

2016 онд танай хороо бүтээн байгуулалтын ямар томоохон  ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

2016 онд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Орон нутгийн  хөгжлийн сангийн хөрөнгөөр хорооны нутаг дэвсгэрийн 10 орчим цэгт камержуулалтын  ажлыг хийхээр 87 сая төгрөг  хувиарлагдсан байгаа. Мөн 41, 45 дугаар байруудын явган зам автозамын засварыг хийлгэхээр Нийслэлийн АЗГазар санал хүргүүлсэн ба дүүргийн урсгал хөрөнгөөр 56/31 дүгээр байрын орчим тохижилтын ажил тус тус хийгдэнэ.  Манай хороонд  15 СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оршин суугчдын оролцоотойгоор орцыг камержуулах ажлыг мөн хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Чингэлтэй дүүрэг гэлтгүй нийслэлийн бүх хороодод сургууль, цэцэрлэгийн асуудал тулгамдсан хэвээр байгаа. Танай хороонд сургууль, цэцэрлэг хэр хүрэлцээтэй вэ?

Тиймээ энэ бол тулгамдсан асуудлын нэг. Хороонд 77, 108 дугаар цэцэрлэг болон 50 дугаар сургуультай. Хорооны цэцэрлэг, сургуульд  5 болон 8 дугаар хороодын хүүхдүүд мөн хамрагддаг.  Тиймээс  ачаалал маш их байдаг.2015 оны хичээлийн жилд цэцэрлэгийн нэг анги 55-60 хүүхэдтэй багш нар ачаалалтай ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлаар жил болгон Улсын төсөвт суулгаж өгөх санал тавьсаны үндсэн дээр  концессийн гэрээгээр 50 дугаар сургуулийн 350 өргөтгөлийг барихаар болсон. Хараахан ажил нь эхлээгүй байна.

Танайх аж ахуйн нэгж ихтэй юм байна. Аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажилладаг вэ?

Хороонд Цагдаагийн хэсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран   гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэдний үйл ажиллагааг дэмжин зөвлөн туслах чиглэлээр олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Тэдний дунд “Тамхины утаагүй Улаанбаатар”, “Хамтдаа хөгжье”, “Амар тайван чингэлтэй”   хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2013 оноос хойш  “Нэг хороо-Нэг баг” уриан дор хууль эрхзүйн сургалт,  Сагсан бөмбөгийн тэмцээнийг   зохион байгуулдаг, удахгүй ээлжит сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.

Иргэдийн оролцоог дэмжих тал дээр ямар ажлууд хийгдсэн вэ?

2015 оныг “Бүтээлч иргэдийн оролцоог дэмжих” жил болгон  зарлаж, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон бусад холбогдох байгууллагаас  дэвшүүлсэн  зорилтуудыг  иргэдэд  хүргэж,  хууль  тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах,  хорооны  үйл  ажиллагаанд  иргэд,    байгууллага  аж  ахуйн  нэгжийг  жигд оролцуулах,төрийн  үйлчилгээг  нээлттэй ил  тод,  түргэн  шуурхай  чирэгдэлгүй  хүргэхэд түлхүү анхаарч ажиллаж байна.

Иргэдийн оролцоог дэмжих ажлын хүрээнд тэр дундаа ахмадуудыг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулдаг.  Өнгөрсөн 3 сард л гэхэд ахмадуудын спортын тэмцээн зохион байгууллаа.

Манайд брэнд болсон нэг ажил байдаг. 1-19 хорооны ахмадуудын дунд “Эмгүйгээр эрүүлжүүлэх хөдлөгөөн”-ийг дэмжих үүднээс хорооны нэрэмжит “Хийн дасгалын” тэмцээнийг уламжлал болгон  зохион байгуулж ирсэн.  Энэ жилийн Хийн дасгалын тэмцээнийг 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр явуулж, 250 гаруй ахмад оролцож, 19 дүгээр хороо, 6 дугаар хорооны “Цоглог” баг, 18 дугаар хорооны ахмадын багууд тус тус 1,2,3 дугаар байруудыг эзэлж, энэхүү тэмцээн нь ахмадуудын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болсон. Иймд нийт тэмцээнд орсон  хороодын ахмадууддаа эрүүл энх, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөев

Дараагийн иргэдийн оролцоог дэмжиж байгаа нэг ажил бол байр болгондоо нийтийн эргүүл ажиллуулж байна.  Нийтийн эргүүл гаргасанаар гэмт хэргийг тоо бууруулах ач холбогдолтой.

Иргэдийн хувьд мэдээллээ ямар сувгаар ихэвчлэн авч байна вэ?

Манай хорооны хувьд бүрэн интернеттэй гэж хэлж болно. Иргэдэд мэдээллийг хорооны хэмжээнд  8 хэсгийн ахлагчаар дамжуулан хүргэдэг. Одоо мэдээллээ шууд хорооны фэйсбүүк, дүүргийн сайтаар дамжуулан цагт тухайд, шуурхай авах бүрэн боломжтой болсон.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31445
0 эможи
keyboard_arrow_up