ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЕБС-ИУДЫН ГАДААД БОЛОН ДОТООД ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭДЭЛБЭР ГАЗРЫН АШИГЛАЛТАД ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЛЭЭ

2016 оны 4 сарын 09

Хан-Уул дүүрэг дэх ЕБС-иудын гадаад болон дотоод орчны аюулгүй байдал, эдэлбэр газрын ашиглалтын тандалт судалгаанд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 50 хувь нь хамрагдлаа. Тодруулбал, Бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх 10 сургууль , 2 ахлах сургууль , тусгай боловсрол эзэмшүүлэх 1 сургуульд судалгаа хийжээ. Эдгээр сургуулиудын 38 хувь нь 5-29 жил, 62 хувь нь 40-66 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  

  Судалгаанд хамрагдсан сургуулиудын нийт хүүхдийн тоо үндсэн хүчин чадлаасаа 1.5 дахин хэтэрсэн буюу нийт сурагчдын 69.7 хувьд нь хичээллэх анги танхим хүрэлцээгүй байгаа юм.

Дүүргийн алслагдсан хороодод байршилтай 6 сургууль төвлөрсөн усан хангамж, халаалтын системтгүй байгаа нь багш, сурагч, ажилчдын хувийн ариун цэврийн болон эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна. 

Сүүлийн 3 жилийн байдлаар сургуулийн орчинд зүй бус хандлага, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан багш 22, сүүлийн 6 жилд 3 буюу түүнээс дээш байгууллагад  шилжин ажиллаж байгаа багш 7, тухайн сургуульд сүүлийн 3 жилд шилжиж ирсэн болон явсан багшийн эзлэх хувь алслагдсан хороодын сургуулиудад 20-69 хувь, төвийн сургуулиудад шилжилт хөдөлгөөн харьцангуй бага буюу 0.5-14 хувьтай байна.

Алслагдсан хорооны сургуульд ажиллаж буй багш нарын шилжилт хөдөлгөөн, ёс зүйн зөрчил гаргасан багшийн тоо өндөр байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх, ажлын хариуцлага алдах, мөн түүнчлэн удирдлага, багш, сурагчид үл ойлголцох шалтгаан болж ёс зүйн зөрчил гарах нөхцөл бүрдэж байна. Иймд шилжилт хөдөлгөөнийг сааруулахад төрийн зүгээс бодлого боловсруулж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.  

 Мөн Төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж буй асуудал нь барилгын хүртээмжгүй байдал, түүнтэй холбоотой сургуулиудын хүүхдийн тоо суудлын хүчин чадлаасаа 1.5 дахин хэтэрсэн байгаа юм. Судалгаанд хамрагдсан 13 сургуулийн 15 хувь нь хичээлийн өөрийн байргүй, 15 хувь нь зориулалтын бус байртай байгаагаас сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон, 30 хувь нь барилгын  ашиглалтын хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлыг хангахгүй болсон тухай барилга техникийн хяналтын улсын байцаагчдын акт, дүгнэлтүүд удаа дараа гарсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй байсаар байна. 

       

   ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31364
0 эможи
keyboard_arrow_up