АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО 4 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЭЛЛЭЭ

2016 оны 4 сарын 04

Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу УБСЕГ-аас уг тооллогыг 2016 оны 4 дүгээр сард багтаан явуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

 

Энэ удаагийн тооллогын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын тоог бодитой гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, эдийн засаг-статистикийн судалгаа, түүвэр ажиглалтын хамрах хүрээг бүрэн тогтооход чиглэгдсэн.

ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006, 2011 онуудад орон даяар явуулж, үр дүнг нэгтгэн гаргаж байсан. ААНБ-ын 2016 оны тооллогыг бүртгэлд суурилсан онлайн болон нөхөх уламжлалт аргыг хослуулан явуулахаар бэлтгэж байна.

2011 оны тооллогоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 65.2 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагыг хамруулж, мэдээллийн санг бүрдүүлсэн.

Тэдгээрийн 0.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 0.4 хувийг хувьцаат компани, 2.6 хувийг хоршоо, 3.1 хувийг нөхөрлөл, 6.1 хувийг төсөвт байгууллага, 9.0 хувийг төрийн бус байгууллага (ТББ), 77.8 хувийг хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ эзэлж байсан бол 2015 оны 4 дүгээр улирлын байдлаар статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 80.9 хувийг ХХК, 9.4 хувийг төсөвт байгууллага, 3.3 хувийг ТББ, 3.2 хувийг хоршоо эзлэх болсон нь аж ахуйн нэгж, байгууллагын бүтцэд томоохон өөрчлөлт орж буйг харуулж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдахаас гадна том компаниуд өөрийн охин компаниа байгуулж, олон салбар нэгжүүдийг орон нутагт шинээр байгуулж байна.

Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4 дүгээр сарын 1-21-нд онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2016 оны 4-р сарын 1-30-ны хооронд уламжлалт аргаар буюу тоологч тооллогын асуулгыг биеэр танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх байдлаар гүйцэтгэнэ.

Энэ удаагийн тооллогын онцлог нь ГТЕГ болон УБСЕГ-ын хувьд Хуулийн этгээдийн сан, бизнес регистрийн сангуудыг төрийн байгууллагуудын бусад сангуудтай уялдуулсан улсын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ихээхэн ач холбогдолтой байх юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31055
0 эможи
keyboard_arrow_up