А.Зул: Чингэлтэй дүүргийн ахмадын аварга шалгаруулах спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2016 оны 4 сарын 01

Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зултай ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүргийн Ахмадын хорооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. “Чингэлтэй” дүүрэг хэчнээн ахмадуудтай вэ?

Манай ахмадын хороо Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулиуд, эрүүл мэндийн үйлчилгээ, дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад настнуудад нийгмийн хамгааллын бүх төрлийн үйлчилгээг үзүүлж ахмадуудад тулгамдаж буй ажлуудад анхаарал тавьж ажиллаж байна.

Энэ оны эхний статистик мэдээгээр Чингэлтэй дүүрэг нийт 1379  ахмадтай.

Энэ жил ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?

Энэ жилийн ажлын төлөвлөгөөний хувьд 8 бүлэгт 60 гаруй ажлыг багтаасан байгаа. Төлөвлөгөөний дагуу ажлуудаа эхлүүлээд хэрэгжүүлж байна.

Дүүргийн зүгээс ахмадуудын нийгмийн асуудалд анхаарч, ямар дэмжлэг үзүүлж ажиллаж байна?

Ахмадуудын нийгмийн асуудал тэр дундаа нийгмийн халамж, дэмжлэг туслалцааны тал дээр ажлууд нэлээд сайн хийгдэж байна. Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас ахмадуудын чиглэсэн ажлуудыг сайн дэмжин ажилладаг.

Үүнээс гадна бид ахмадуудынхаа хууль эрх зүйн актын хэрэгжилтэнд оролцож, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг ба энэ чиглэлээр ажил төрлийн холбоотой олон байгууллагуудтай байнгын хамтран ажилладаг.

Ахмадын хороо дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст харъялагддаг. Дээрээс нь дүүргийн халамжийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Спорт хороо болон бусад  19 хороодтой хамтран ажиллаж байна.

Та дүүргийн хэлтэс албатай байнгын хамтран ажилладаг тухай хэллээ. Эрүүл мэндийн төв , Спортын хороотой хэрхэн хамтран ажилладаг вэ?

Ахмадууд эрүүл, урт наслах нь чухал. Энэ чиглэлээр төрөл бүрийн сургалт зохион байгуулах, өвчтэй асран хамгаалалтанд байдаг ахмадуудын асрагч, асран хамгаалагч  нарыг  сургалтанд суулгаж зөвлөгөө өгч, мэдлэг  эзэмшүүлэх тал дээр анхааран ажиллахаас гадна ахмадуудын эрүүл урт наслах зөв хооллолтын талаар олон төрлийн сургалтуудыг Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулдаг.

Мөн  хууль тогтоомжийн хүрээнд ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эмийн жагсаалтын  дагуу эмийн сангуудтай холбогдож, ямар хөнгөлөлт урамшуулалд хамруулж өгөх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Ахмадуудыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор  дүүргийн Спорт хороотой хамтран ажилладаг.

Спорт хороогоор  дамжуулан долоо хоногийн 2 дахь өдөр болгон 12.00-14.00 цагийн хооронд  багийн теннис, гар бөмбөг тоглох тогтмол цагтай болсон. Ойролцоо сургуулиудын биеийн тамирын  заалыг түрээслэдэг ба ахмадууд маань идэвхитэй хамрагддаг.

Ахмадын хорооноос биеийн тамираар хичээлүүлэх тал дээр ихээхэн анхааран ажиллаж байгаа юм байна. Ямар тэмцээнүүд зохион байгуулдаг талаараа ярина уу?

Зохих хэмжээний төсөв батлагдаж, хөтөлбөр гаргаж жил болгон спортын бүх төрлөөр  тэмцээн зохион явуулдаг. Тэмцээнд 19 хороодоос шалгарсан ахмадууд оролцдог. 

Мөн спортын бүх төрлөөр хорооны нэрэмжит ажлууд хийгддэг.  Дээрээс нь хороо болгон аэробик, хийн дасгал, волейбол, теннис, явган аялалын багуудтай, тамирчидтай болсон.

Чингэлтэй дүүргийн ахмадын “Софт волейбол”-ын тэмцээн саяхан 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 17 багийн 102 ахмад тамирчин оролцлоо. 1-р байранд Д.Сүхбаатар ахлагчтай 9 дүгээр хорооны баг, 2-р байранд Ж.Урантогос ахлагчтай 19-р хорооны баг, 3-р байранд Б.Сандагдорж ахлагчтай 2-р хорооны баг тус тус шалгарсан.

Мөн  дүүргийн ахмадын “Хийн дасгал”-ын тэмцээн 2016 оны 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, нийт 15 багийн 240 ахмад тамирчин оролцож, 1-р байранд Энхжаргал ахлагчтай 19 дүгээр хорооны баг, 2-р байранд Цэгмид ахлагчтай 6-р хорооны баг, 3-р байранд Амарбаяр ахлагчтай 18-р хорооны баг байранд орлоо.

“Ширээний шагай”  тэмцээн 2016 оны 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, нийт 18 багийн 96 ахмад тамирчин оролцож, 1-р байранд Ж.Алтангэрэл 5 дугаар хороо, 2-р байранд Ж.Урантогос 19 дүгээр хороо, 3-р байранд С.Пүрэвжав 16-р хороо баг тус тус шалгарав.

Удахгүй 4 сарын 02-нд дүүргийн 19 хорооны ахмад волейболчдын аварга баг шалгаруулах тэмцээнийг  Спорт хороон дээр зохион байгуулах гэж байна. Мөн 5 сард спортын төрөл бүрийн тэмцээнийг ахмадуудын дунд зохион байгуулна.

Тэтгэвэрт гарсан ахмадуудын хувьд хөдөлмөр эрхлэх боломж байдаг хэдий ч ажлын байр ховор байдаг. Энэ тал дээр Ахмадын хорооноос хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

Тэр бол үнэн. Санал нэгтэй байна.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр Дүүргийн  Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилладаг. Хөдөлмөрийн яамнаас “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг батлан гаргасан. Энэ төслийн хүрээнд  өнгөрсөн хавар Монголын ахмадын холбооноос удирдамж гарсны дагуу Хөдөлмөрийн хэлтсийн туслалцаа дэмжлэгтэйгээр 70 гаруй ахмад баг болж ажилласан. Энэ багт орсон ахмад болгон 3-10 хүнд сургалт хийж мэргэжил, дадлага эзэмшүүлэх талаар өөрсдийн туршлагаасаа зааж сургаж, урамшуулал аван ажилласан. Өнгөрсөн жилийн сургалтыг сайн явуулсан тул  энэ жилийн хувьд ахмадуудын тоо нэмэгдэж 400 гаруй ахмад хамрагдаж байна.

Дээрх ажлын хүрээнд энэ жил Хөдөлмөрийн хэлтсээс хоёр удаагийн сургалт зохион байгуулж, ахмадын багууд ажлаа эхэлүүллээ. Тухайлбал, үндэсний, европ хувцас оёх чиглэлийн баг, мод , хүнсний ногоо чиглэлээр зөвлөгөө өгдөг баг,  монгол бичиг, монгол уламжлалт ёс заншилаа залуучуудад зааж сургах, туслах чиглэлүүдээр баг бүрдэж ажлуудаа эхлүүлсэн байгаа.

Ахмадуудад ямар асуудал, хүндрэл бэрхшээл ихэвчлэн  тулгамдаж байна вэ?

Тулгамдаж буй асуудлын хувьд  ахмадуудад бол  тэтгэвээрээ л ярьдаг юм. Энэ асуудал бол тэртээ тэргүй улс орон даяар тулгамдаж байгаа. Төр засгаас чадлынхаа хэмжээгээр арга хэмжээ авч байгаа.

Одоогийн байдлаар нийт ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл гэр хороолол, захын хороололуудад хөдөө орон нутгаас хүмүүс ихээр шилжин орж ирдэг. Шилжин  ирж байгаа хүмүүсийн 40-60 хүртэлх насны эрэгтэйчүүд, 40-55 насны тэтгэврийн насны эмэгтэйчүүд учир ажил олдохгүй байна. Ажилгүй, ямар ч орлогогүй болоод залуучууд нь ахмадуудынхаа тэтгэврийн мөнгөөр амьдардаг.

Нөгөө талаар орон гэргүй харж хандах хүнгүй ахмадууд бас байдаг. Ер нь орон гэргүй ахмадуудын асуудал их хүнд .

Энэ тал дээр Ахмадын хороо, Улаанзагалмайн хороотой хамтран Батсүмбэрийн  асрамжийн газрын 100 гаруй ахмадуудад урлаг, соёлын тоглолтыг тавьж, гарын бэлэг гардуулж, нэг өдрийг хамт өнгөрүүлсэн.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30968
0 эможи
keyboard_arrow_up