Ш.Жаргалсайхан: Төрийн үйлчилгээг “Нэг цонхны төв”-өөр хүргэж байна

2016 оны 3 сарын 28
 

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхантай ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо 2016 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

2016 он бол УИХ, НИТХ, ДИТХ-ын сонгууль болох онцлог жил. Төрийн сонгуулийн  ажлын бэлтгэлийг хангаж, сонгуулийн хэсгийн санал авах байрыг бэлтгэх, сонгогчийн нэрсийн жагсаалтыг үнэн зөв гаргах, нутаг дэвсгэрт  сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахаас өгсүүлээд хариуцлагатай ажлууд их байна. Мөн хорооны зүгээс өрх бүрт хүрч ажиллахыг эрхэм зорилго болгож, хорооны эрүүл, аюулгүй байдлын төлөө өрх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, татан оролцуулахыг зорилт болгон дэвшүүлсэн.

Танай хороо энэ жил шинээр ямар бүтээн байгуулалтын ажлуудыг хийх вэ?  2016 онд хийх онцлох ажлуудаасаа хуваалцаач?

Дүүргийн төсвийн хөрөнгөөр Дэнжийн 1000-Хайлаастыг холбосон хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ. Нийт трассын 90 хувь нь 16-р хорооны нутаг дэвсгэрт хамаардаг. Замыг байгалийн чулуу, асфальт хосолсон технологиор барихаар зураг төсөв нь хийгдсэн байна лээ. Авто зам барих ажлын хүрээнд явган зам, замын гэрэлтүүлэг, ус нэвтрүүлэх хоолой цогцоороо хийгдэнэ. Зам баригдсанаар халтиргаа гулгаа үүсч аваар осол гарах, иргэдийн авто машин эвдрэх гэмтэх, тоос, нарийн ширхэглэгт тоосонцор дэгдэх зэрэг сөрөг асуудлуудыг бүрэн шийдвэрлэх бөгөөд иргэд тав тухтай зорчих нөхцөл бүрдэх юм. 2015 онд дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр Хайлаастын төв авто замаас хороо хүртэл байгалийн чулуу, бетонон хийц хосолсон технологиор загвар зам барьсан. Энэ жил Дэнжийн 1000-Хайлаастыг холбосон хатуу хучилттай авто замын ажил хийгдвэл алслагдсан гэр хороололд өмнө нь хийгдэж байгаагүй авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил болох юм. Ер нь Нийслэлийн авто замын засвар, арчлалт гэдэг ойлголтонд хотын төвийн авто замууд хамаардаг. Гэр хорооллын шороон авто замыг хусч тэгшлэх төдийхнөөр арчилж ирсэн.

Мөн энэ онд ОНХС-ийн хөрөнгөөр гэрэлтүүлгийн ажил үргэлжлэн хийгдэнэ. ОНХС-ийн хөрөнгөөр 2013 онд 110, 2014 онд 151 ширхэг гэрэлтүүлэг тавигдсан. Дээрх ажлууд бүгд ард иргэдийн санал санаачилга, хүсэлтийн дагуу хийгдсэн, хийгдэж байгаа ажлууд юм. Эдгээр ажлууд 100 хувь хийгдвэл дүүрэг, хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Эдийн засаг, нийгмийн дэвшүүлсэн зорилтын нэгээхэн хэсэг хангагдах юм.

-Зарим хороодод цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу байдаг. Танай хорооны хувьд ?

Хайлаастын автобусны ХААН банктай эцсийн буудлын ойролцоо буюу Согоотын 65-р гудамжинд улсын төсвийн хөрөнгөөр 2015 оноос баригдаж эхэлсэн цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил энэ 4-р сараас эхлэн үргэлжлэн баригдаж дуусна гэж бодож байна. Мөн Согоотын 47-р гудамжинд 150 ортой цэцэрлэг Канад технологиор баригдана. 16-р хороо нутаг дэвсгэртээ сургууль, цэцэрлэггүй хороо бөгөөд хорооны хүүхдүүд 15-р хорооны нутаг дэвсгэрт орших 72-р сургуульд суралцаж, багачууд маань 13-р хорооны нутаг дэвсгэрт харъяалагдах 83-р цэцэрлэгт сурч хүмүүжиж байна. Цэцэрлэг, сургууль хугацаандаа баригдаж дуусвал 2016-2017 оны хичээлийн шинэ жилд манай хорооны хүүхэд багачууд будаг нь ханхалсан шинэхэн танхимд сурч хүмүүжих юм.

Төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байна вэ. Иргэдрүү чиглэсэн ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулсан бэ?

Төрийн үйлчилгээг “Нэг цонхны төв”-өөр хүргэж байна. Хорооноос үзүүлдэг төрийн анхан шатны үйлчилгээнээс гадна төрийн дунд шатны зарим үйлчилгээг тухайлбал нийгмийн даатгал, татвар, онцгой байдал, өмч, газрын харилцааны үйлчилгээг хорооны Нэг цонхны төвд төвлөрүүлэхээр зорьж байна. МУ-ын ЗГ-ын 2013 оны 153-р тогтоол, Дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗДТГ-ын даргын тушаалын дагуу дүүргийн дээрх хэлтэс албадын мэргэжилтэнүүд хуваарьт өдөр ирж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. НЦҮ-ий үндсэн зорилго нь иргэд дүүрэгрүү явалгүйгээр дээрх үйлчилгээг хорооноос авах боломжтой болгох явдал юм.

Гэвч дээрх хэлтэс албадын үндсэн мэдээллийн сан хороотой offline байгаа учраас үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс хэтрэхгүй байгаа. Харин иргэний бүртгэлийн үйлчилгээ online болсноор цахим үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ олголт, гэрлэлт бүртгэх зэрэг дүүрэг дээр үзүүлдэг байсан үйлчилгээг хорооноос үзүүлдэг болсон. Хороогоор төдийлөн орж ирдэггүй иргэд, хэвтрийн өвчтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ, тэдэнд ажлаа яаж тайлагнах вэ гэдгийг бодож үзэх ёстой. 2012 оноос эхлэн манай хороо “Гудамжны хурал” хийж ирлээ. Тухайн гудамжны иргэдэд 1 хоногийн өмнө хэсгийн ахлагчаар дамжуулан урьдчилан зар хүргэдэг. Амралтын өдөр иргэдийн завтай чөлөөтэй цагаар гудамжинд нь очиж хурлаа хийдэг. Тухайн гудамжны тулгамдсан асуудлын талаар хорооны удирдлага газар дээр нь ирээд хамтран ярилцахад иргэд их дуртай байдаг. Төр, засгийн бодлого шийдвэрийг нийт өрх, иргэдэд хүргэж,  нийслэл, дүүрэг, хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахад төсөв хөрөнгөгүй хороонд хүндрэлтэй. ИНХ-д ажлаа тайлагнах нь өргөн цар хүрээтэй биш. Хуралд тогтмол оролцдог хэдэн иргэний хүрээнд мэдээлэл явцуу хүрээнд хүрдэг. Харин дүүргийн ЗДТГ-аас 2013 оноос эхлэн ОНХС, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тайланг товхимол хэлбэрээр хэвлэж, нийт өрх иргэдэд тарааж байгаа нь бидний ажилд дэмжлэг болж хорооны нэр хүнд өрх, иргэдийн дунд өсөхөд чухал ач холбогдолтой байгааг дурдах нь зүйтэй.

Танай хороонд нийтийн эргүүл, хөршийн холбоо зэрэг хөтөлбөрүүд хэр үр дүнтэй байна вэ

Нийтийн эргүүл, Хөршийн холбоо хөтөлбөр нь дүүргийн ИТХ, ЗДТГ-аас анхан шатны нэгж хорооны үйл ажиллагааг нэг талаас дэмжиж, нөгөө талаас төрийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулж байгаа нэг хэлбэр юм гэж би ойлгож байна. Тус хороонд 89 нийтийн эргүүл ажиллаж гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. 90 гудамжинд тус бүр 1 хүн ажиллаж, хяналт тогтоож, хууль хяналтын байгууллагын нүд чих болон ажиллаж байна.  Нийтийн эргүүлд ажлын үр дүнг харгалзан сар бүр 15.000 төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд энэ нь нэг талаас тэднийг идэвхитэй ажиллуулах хөшүүрэг, нөгөө талаас өрхийн амьжиргаанд нь хувь нэмэр болж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж байгаа мөнгө их юм шиг харагдаж байгаа хэдий ч, гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирвол харьцуулж болшгүй их хохирол учирна шүү дээ.

Танай хороо мэдээллүүдээ иргэдэд ямар сувгуудаар хүргэж байна вэ

Дээр хэлсэнчлэн дүүргийн ЗДТГ-аас гаргаж байгаа товхимол тайлан, мөн дүүргийн вэб сайт, хорооны “ЧД 16-р хороо” page хуудас, “Чингэлтэй дүүргийн 10 зургаадугаар хорооны иргэний танхим” нэртэй групп болон урсдаг зарын самбар, 4 операторын сүлжээнд үнэгүй ярьдаг утас, Иргэний танхимаар, ИНХ-аар, Гудамжны хурал, хэсгийн ахлагч нараар, Нийтийн эргүүлээр, хорооны утсаар, өрхөөр зочлох гэх мэт олон суваг байна.

Ярицлага өгсөнд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30714
0 эможи
keyboard_arrow_up