Ж.Чимэдцогзол: Иргэд зөвхөн хороогоо л зорьж ирдэг

2016 оны 3 сарын 25

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга, ЧД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Чимэдцогзолтой тус хорооны цаг үеийн асуудал, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

 

Сайн байна уу? Танай хороо Нийслэлийн төв хэсэгт байршилтай, гэр хороололгүй гэдгээрээ давуу тал ихтэй байх. Тэгвэл та эдгээрийнхээ заримаас дурьдаач?
Манай 3 дугаар хороо бусад хороонуудаас хэд хэдэн онцлог давуу талтай.
Нэгдүгээрт: Нийслэл хотын түүхт газрууд болох Төмөрчний гудамж, Баруун сэлбийн гудамж, Энх тайваны өргөн чөлөө болон Урт цагаан үйлчилгээний төв, Улсын Их Дэлгүүр, Энх тайван Найрамдлын ордон, Мандухай зочид буудал, Тагтаатай хүүхдийн хөшөө болон 1 дүгээр 40 мянгат, 2 дугаар 40 мянгат, 50 мянгатын анхны орон сууцнууд байдаг.
Хоёрдугаарт: Нийслэл хотынхоо төв хэсэгт, Чингэлтэй дүүргийнхээ “Үүд” нь болж байдгаараа их онцлогтой. Учир нь манай хамт олон “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг өвөг дээдсийнхээ сургаалийг дээдлэн ямагт “Манлайлагч хамт олон” байхыг эрхэмлэн ажилладаг юм. Энэ нь манай хорооны ажил үйлс өөдрөг байвал Дүүргийн маань ажил үйлс өнгөтэй гэгээлэг байх болно гэсэн санааг агуулж хичээж ажилладаг. Манай хорооны баруун талд 2 дугаар хороо, зүүн талд 1 дүгээр хороо хил залгадаг.
2016 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
Хорооны Иргэдийн Нийтийн хурлаас 2016 оныг “Иргэдээ сонсъё” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн цаасан хэлбэрийг багасгаж, үйлчилгээний соёлыг дээшлүүлж, иргэдийн сэтгэл ханамжид нийцүүлэн төрийн үйлчилгээг үзүүлж байна.
Иргэд, оршин суугчид  аюулгүй, тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрахыг хүсэхийн зэрэгцээ нөгөө талаасаа өөрсдөө ч энэ ажилд гар биеэр оролцдог болсон. Иргэдийн санал санаачилгын үндсэн дээр хийсэн ажил өөрөө үр өгөөжтэй байдаг. Мөн төрийн байгууллагын ажлыг үнэлж дүгнэх тал дээр ч идэвхитэй оролцдог болсон.  
Мөн иргэдийн хүсэлтийн дагуу Улс, Нийслэл, Дүүрэг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 оноос хойш 4 бичил цэцэрлэг, 32 гэрэлтүүлэг, 8000 гаруй м/у явган зам талбай, 4000 гаруй м/у авто зам засвар, 2 орон сууцны фасад, 4 орон сууцны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ 2016 оны бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Дүүргийн урсгал зардлаар УИД-ийн арын явган хүний зорчих хэсэг буюу 2 дугаар 40 мянгат 2, 8, 9, 10 дугаар байрнуудын явган хүний замын засварын ажлыг эхлүүлээд байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 бичил цэцэрлэг шинээр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ ажил удахгүй эхэлнэ. Эдгээр бүх ажлыг иргэдээс гаргасан саналд тулгуурлан хийж байна.
Таныг 3 дугаар хорооны Засаг даргын ажлыг олон жил амжилттай гүйцэтгэж байгаа тухай олон иргэд ярьж байсан?
Миний хувьд 3 дугаар хороонд 2000 оноос хойш 16 дахь жилдээ буюу 4 удаа сонгогдон ард түмнийхээ итгэлийг хүлээн ажиллаж байна. Энэ нь надад хүлээлгэж байгаа том хариуцлага гэж боддог. Засаг дарга гэдэг бол иргэдээс сонгогддог албан тушаалтан учраас энэ олон түмний итгэлийг хөсөрдүүлж болохгүй шүү дээ.
Манай хороо 2001 оноос хойш тасралтгүй Нийслэл, Дүүргийн “Тэргүүний хороо”-гоор шалгарч байлаа.  Энэ амжилтаа бататгаж 2015 онд Нийслэлийн 152 хорооноос ажил үйлсээрээ шалгарч Нийслэлийн “Шилдэг хороо” болсон.
Энэ амжилтын гол үндэс нь миний ажилтнууд ажлын дадлага туршлагатай, багаар ажиллах чадвартай, иргэд олон түмэнд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, ил тод, шударга, хүргэж ажилладагийн үр дүн болов уу гэж боддог.
Үүнээс гадна манай хороонд төрийн болон хувийн 800 гаруй ААНБ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагууд Засаг захиргааны анхан шатны нэгжтэй байнгын харилцаа холбоотой, ажлын уялдаатай хамтарч ажилладаг нь мөн л амжилтын гол үндэс юм.
Дүгнэж хэлбэл: Төрийн байгууллага нь иргэд, оршин суугчид, Аж ахуйн нэгж байгууллагаа сонсч, тэдний хүсэл, шаардлагад нийцүүлэн хамтарч нэг баг болон ажиллаж чадвал бүтэхгүй ажил, гаргахгүй амжилт байдаггүй юм гэж хэлмээр байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ? Иргэд рүү чиглэсэн ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?
Сүүлийн жилүүдэд ялангуяа 2013 оноос төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх нөхцөл маш сайжирч байгаа. Тухайлбал: Манай Чингэлтэй дүүргийн 19 хороод бүгд цогцолбор  байртай, шилэн кабельд холбогдож, Wi Fi орчин бүхий Иргэний танхимтай болсон.
Манай хороо Иргэний танхимдаа Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн байгууллага, ЕБС, цэцэрлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан “Цагийн хуваарь” гаргаж төрөл бүрийн төвлөрсөн болон нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Тухайлбал: “Цаасан урлал”-ын дугуйлан, “Илтгэх урлаг”-ийн дугуйлан, “Хийн дасгал”-ын клуб, Нийтийн бүжгийн сургалт тогтмол ажиллаж хэвшээд байна. Мөн Засаг даргын “Мэдээллийн цаг”-тай болсноор иргэд санал хүсэлтээ хэлэх, тулгамдсан асуудлаа цаг алдахгүй шийдвэрлэх, байр байраараа цугларч асуудлаа шийдэх зэрэг олон давуу талууд бий болсон.
Мөн манай хорооны цогцолбор байр нь хамгийн сүүлийн үеийн шийдлээр баригдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө” манай хорооны байрны 3-5 давхарт ажиллаж эхэлсэн нь хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, номыг шүтэх, номонд дурлах, номтой нөхөрлөх сэтгэлгээ нь нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Өдөрт ойролцоогоор 50-80 хүүхэд “Хүүхдийн номын өргөө”-гөөр тогтмол үйлчлүүлж байна. Манай “Хүүхдийн номын өргөө”-ний онцлог нь ямар ч үнэ төлбөргүй үйлчлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан ширээ сандал, заал танхимтай гэдгээрээ нэн онцлогтой юм.
Би өөрөө физикийн багш хүн л дээ. Тэр утгаараа статистик тоон үзүүлэлтийг жил жилээр харьцуулж гаргаж байдаг. Тухайлбал: 2001-2014 онуудад төрийн үйлчилгээ авсан иргэд буюу хорооноос зохион байгуулсан аливаа арга хэмжээнд тухайн жилдээ 1000 хүрэхгүй хүн оролцож байсан бол 2015 онд цогцолбор байртай болсоноор иргэдийн идэвхи оролцоо эрс нэмэгдэж, хамрагдсан иргэдийн тоо зөвхөн 1 жилд давхардсан тоогоор 10 мянга хол давсан байх жишээтэй тоон үзүүлэлт гарч байсан.
Энэ бүхнийг дурьдсаны учир нь иргэдэд төрийн үйлчилгээг шинэлэг орчинд тэдний санал хүсэлт, сэтгэлд нийцүүлэн төрөл бүрийн хэлбэрээр хүргэдэг болоод байна гэдгийг хэлэх гэсэн юм.
Төрийн анхан шатны нэгж болох хороонд иргэд аливаа асуудал, санал хүсэлтээ хамгийн түрүүнд хүргэдэг. Тэгэхээр хорооны ажилтан гэдэг бол их хариуцлагатай, ур чадвар шаардсан ажил санагддаг?
Тэгэлгүй яахав. Ямар нэгэн төрийн байгууллагатай холбоотой ажил гарахаар хамгийн түрүүнд хүн бүрийн санаанд хорооноос асууя л гэдэг. Би 2006 онд Улаанбаатар таймс сонинд “Иргэд зөвхөн хороогоо л зорьдог” гэсэн ярилцлага өгч байсан. Энэ үгийг одоо ч гэсэн давтаж хэлмээр байна. Энэ үг өөрөө цаанаа их учир агуулагатай юм. Өөрөөр хэлбэл хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, идэвхитэн сонгуультан бүр мэдлэг чадвараа байнга дээшлүүлж, хороог зорин ирж байгаа иргэнд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх, хариулт өгөх бүрэн чадвартай байх, иргэний асуудлыг 100% шийдэж чадахгүй юм гэхэд ядаж хаана хандах, хэнд хэлэх зөв зүгийг нь зааж өгөх ёстой. Энэ бол бидний хуулиар хүлээсэн үүрэг юм.
Одоо сошиал их хөгжиж байна л даа. Танай хороо мэдээллүүдээ иргэдэд ямар сувгуудаар хүргэж байна вэ?
Манай дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх хороодод төрийн үйлчилгээний ухаалаг дэлгэц, урсдаг самбар байрлуулж өгсөн бөгөөд манай хороо өөрийн “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо” гэсэн facebook page хаяг, “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэний танхим” гэсэн facebook хуудас ажиллуулж иргэдэд мэдээллээ хүргэж байна.
Иргэний танхимд 4 төрлийн үүрэн телефоны утас үнэ төлбөргүй ажиллаж, иргэдтэй холбогдож байна. Үүний зэрэгцээ 6 хэсгийн ахлагч өрх бүрт хүрч мэдээллийг биечлэн хүргэж байна. Төрөл бүрийн мэдээлэл агуулсан 14 мэдээллийн самбар ажиллуулж байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30617
0 эможи
keyboard_arrow_up