В.Бэгз: ХУД-ийн Худалдаа үйлчилгээний хэлтэс 2015 оны жилийн ажлаараа Нийслэлд 2 дугаар байрт орсон

2016 оны 3 сарын 18

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгзтэй 2015 онд хийж хэрэгжүүлсэн болон 2016 онд хийгдэх ажлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн  2015 онд амжилттай хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээс яриагаа эхлүүлье.  

Бид хэлтсийнхээ 2015 оны жилийн ажил болон  мал эмнэлэг үржлийн 3 нэгжтэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээ дүгнэж,  хэлтсийн 2016 оны төсөв, төлөвлөгөөгөө батлуулж,  шинэ оны үр дүнгийн гэрээгээ байгуулснаар хэлтсийн ажил календарчилсан төлөвлөгөө графикийнхаа дагуу хэвийн явагдаж байна.

Худалдаа үйлчилгээний хэлтэс нь 2015 онд 8 бүлэг бүхий 75 ажлыг хийхээр төлөвлөснөөс хэлтсийн төлөвлөгөөний дундаж биелэлт 98.2% биелэлттэй гарсан бөгөөд үүнээс 64 ажил 100%, 10 ажил 90%, 1 ажил 70%-тай биелсэн. Манай хэлтэс 2015 оны жилийн ажлаараа Нийслэлийн 9 дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсүүдээс 2 дугаар байрт орсон амжилтаар дүүргийнхээ 50 жилийн ойд бэлэг барьсан. Хан-Уул дүүргийн 50 жилийн ойг угтаж дүүргийн иргэд, ААН-ийн үйл ажиллагааг дэмжсэн хэд хэдэн бүтээлч ажлыг үр дүнтэй зохион байгуулсан. Энэ талаар тухай бүр мэдээлж байсан болохоор дахин дахин ярих нь илүүц байх гэж бодож байна

Энэ 2016 онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй  юу?

Энэ онд тус хэлтэс нь 6 бүлэг бүхий 42 ажлыг хийхээр төсөв, төлөвлөгөөгөө боловсруулж, батлуулаад шинэ оныхоо ажилд ороод явж байна.

Хэлтсийн үндсэн чиг үүргийн дагуу хариуцсан салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мэдлэг ур чадвар олгох сургалт хийх, мэдээлэл арга зүйн зөвлөлгөө өгөх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг үндсэн үүрэгт ажлуудыг графикийн дагуу хийж байна.

Мөн цагаан сар угтсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, ТҮЦ павилон болон жижиг худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах, архи тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, зөв хэрэглээг хэвшүүлэх, томоохон үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа мэдээлэлд баяжилт хийх, хүнсний салбарын бизнесийн үйл ажиллагааг дүрэм журам, стандартад нийцүүлэх гээд олон ажил хийгдэж байна

Энэ өвөл цас ихтэй хүйтэн өвөл болсон тул малчид фермерүүдийг дэмжиж өвс тэжээл олгох ажлыг өнгөрсөн 1 дүгэээр сард зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд дүүргийн 182 өрхөд 33.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30%-ийн хямдралтай үнээр олголоо.  Мөн  3 сарын 14-нөөс эхлэн 2 дугаар ээлжийн арга хэмжээ болгож 27.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30%-ийн хямдралтай үнээр олгох ажил зохион байгуулагдаж эхлээд байна.

Энэхүү 30%-ийн хөнгөлөлт болох нийт 18.0 сая төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа болно

Мөн малын гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх талаар заавар зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, тандалт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж ажилласан. Сая 3 сарын 14-ны өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг дүүргийн гэрээт 3 мал эмнэлэг гүйцэтгэж эхлээд байна

МАА-н талаар ярьж байгаа болохоор нэг зүйл асууя. Мал хувийн өмч. Гэтэл хувийн өмчийг  төсвийн мөнгөөр яагаад дэмжих болов?

Мал хэдийгээр хувийн өмч боловч хүнсний стратегийн гол нэрийн бүтээгдхүүн болох махны нөөцийг бүрдүүлдэг  үндсэн эх үүсвэр мал учраас малчдыг дэмжих зайлшгүй шаардлага үүсдэг. Малчид малгүй болчихвол хот суурин газрын бид хэцүүднэ биз дээ. Гахай шувууны махаар монголчууд бид хэд хонох вэ, нөөц нь хэр билээ гээд бод доо. Тэгэхээр байгаль цаг уурын нөхцөл хүндэрсэн цаг үед малыг хамгаалж, малчдыг дэмжихээс өөр аргагүй байгаа юм.

2016 онд шинэлэг ажлууд юу хийгдэх вэ?

Саяхан манай хэлтэс дотоодын аялал жуулчлалын хүрээнд дүүргийн алсын хороод болох Биокомбинат, Өлзийт, Шувуун фабрикийн ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн 100 сурагчийг УБ хот дахь түүх соёлын дурсгалт болон үйлдвэр аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцуулах зорилготой танин мэдэхүйн аялалыг зохион байгуулсан. Энэ бол бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудад зориулсан ихээхэн ач холбогдол бүхий үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон гэж бодож байгаа.

Цаашид дараахи ажлуудыг хийхээр төлөвлөж байна

нэг:  Гэр хороололын айл өрхийн газар тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Швейцарийн хөгжлийн агетлагийн санхүүжилт бүхий “Хүнсний ногоо” төслийг дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон. Бид төслийн нэгжтэй хамтран суурь судалгааны ажлыг дүүргийн  5, 10 дугаар хороон дээр хийлгээд байна. Энэ судалгааны дүн төслийн болзол шалгуурыг хангахгүй бол өөр 2 хороог сонгон  дахин судалгааг хийх юм. Сонголт үр дүнтэй болсон тохиолдолд 2 тал санамж бичигт гарын үсэг зурснаар төсөл хэрэгжиж эхлэх болно.

хоёр: 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгч, дүүргийн ИТХ-аар батлуулснаар 13 дугаар хорооны 4 дүгээр хэсэгт 6 га, Үйлдвэр технологийн паркийн баруун талд 20 га, нийт 26 га газрыг нээлттэй дуудлага худалдаагаар ААН, иргэнд ХАА-н фермерийн зориулалтаар олгохоор болсон.

Энэ дуудлага худалдаанд иргэд амжилттай оролцож, газраа зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр Хан-Уул дүүргийн ХАА-н үйлдвэрлэлийн бүс нутаг бий болох юм.

Энэ талаар иргэн, аж ахуйн нэгжүүд тодорхой мэдээлэл авахыг хүсвэл дүүргийн Өмч газрын харилцааны албанд хандах хэрэгтэй Бас энэ талаархи санал хүсэлтээ  бидэнтэй хуваалцахыг хүсэх байна.  Бид та бүхний санал хүсэлийг нэгтгэн дэмжиж, холбогдох албан тушаалтнуудад уламжилж асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авах болно

гурав:  БНСУ-ын Генсан аймгийн Хаман сумтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хэд хэдэн чиглэлийн мэргэжилтнүүдийг ирэх 5 дугаар сард урьсан байгаа. Энэ үеэр ургацыг нэмэгдүүлэх дэвшилтэт техник, арга технологиос суралцах, талбайн үзүүлэх сургалтууд хийх, монгол орны байгаль цаг уурын нөхцөлд хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөлгөө авах зэрэг ажлыг зохион байгуулна.

Энэ ажил нилэээд үр дүн өгөх сайн ажил болно гэж бодож байна. Хаман сум нь газар тариалан, хүлэмжийн аж ахуй өндөр хөгжсөн, бүтээгдхүүнээ шууд Япон улсад гаргадаг БНСУ-ын газар тариалангийн түшиц газар юм. Мөн дүүргийн тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнийг энэ 5 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа

Энэ жил сонгуулийн жил байгаа. Тийм болохоор илүү хариуцлагатай, ачаалалтай  ажиллах уу?

Энэ 2016 онд хэлтсийн төлөвлөсөн 42 ажлаас гадна төр засгаас зохион байгуулж байгаа томоохон компанит ажлуудад манай хэлтсийн ажилтнууд хариуцсан ажлын чиг үүргийн дагуу болон төрийн албан хаагчийн хувьд татагдан оролцоно. Тухайлбал: АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл хангах ажлын дэд хэсгүүдэд 2 хүн, “Цэмцгэр Улаанбаатар” уралдааны ажлын хэсэгт 4 хүн, УИХ болон НИТХ-ын сонгуулийн  тойрог, хэсгийн хороонд 4 хүн ажиллахаар болсон байгаа.

Мөн Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд манай 2 мэргэжилтэн өнгөрсөн 1, 2 дугаар сард бүтэн ажиллаад ирсэн. Энэ бүх ажилд төрийн албан хаагчид идэвхи санаачлагатай, өндөр хариуцлагатай оролцох ёстой гэж ойлгож байгаа.

Ярилцсанд баярлалаа.Танд ажлын амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30321
0 эможи
keyboard_arrow_up