Ц.ДУЛАМЖАВ: Манай хороонд анх удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орсон

2016 оны 3 сарын 18
 

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны өдөр тутмын ажлын чиг үүрэгээс ярилцлагаа эхлье?

-Манай хороо 3500 гаруй өрх, 15 мянган хүн амтай томоохон хороо. Бид иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй хүргэхийг зорьж ажилладаг. Манай ажлын гол чиглэлийн нэг бол иргэдэд халамж үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх юм.

-Танай хорооны хувьд 2016 оныг ямар амжилт, бүтээлээр угтав?

-2015 онд иргэд рүү чиглэсэн ажил ихтэй жил байлаа. Манай дүүргийн гэр хорооллын хэсэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдаг. Тиймээс манай долдугаар хороонд анх удаа дүүргийн орон нутгийн сангийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон. Одоо бараг 300-Гаад хүүхэд хамрагдаж байна. Энэ ажил манай хороонд их үр дүнгээ өгсөн.

“Гэр хорооллыг дэмжих жил”-ийн хүрээнд гудамж, талбайг тэгшлэх, явган хүний зам тавих зэрэг ажил хийсэн.

-Танай хороонд гэрэлтүүлгийн ажил хэр хийгдсэн бэ?

Урьд нь гэр хорооллын гудамж талбай хав харанхуй л байдаг байлаа. Харин 2013-2014 онд манай хороонд гудамжны гэрэлтүүлгийн ажлыг 100 хувь хийсэн. Гэрэлтүүлгээ дагаад одоо камерын асуудал яригдаж байна. Камержуулах ажлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хийнэ. Гэрэлтүүлэгтэй болсноор хулгай дээрэм багасч, орой үдэш явахад тайван байдлыг бий болгодог учраас манай иргэд ам сайтай байгаа.

Мөн 2016 онд байгаль орчноо хамгаалъя гэсэн зорилгоор гэр хорооллын дунд байдаг булаг шанд хамгаалах ажлыг иргэдийн оролцоотойгоор хамгаалах, тохижуулах ажлыг хийх төлөвлөгөөтэй байна.

Хорооноос иргэдрүү чиглэсэн соёл, урлагийн арга хэмжээг хэр зохион байгуулдаг вэ?

Манай хорооны Ахмадын зөвлөл гэж байдаг. Ахмадуудын дунд чийрэгжилтийн дасгал, хийн дасгалыг хагас, бүтэн сайнд байнга зохион байгуулдаг. Залуучуудын дунд спортын тэмцээнийг байнга зохион байгуулдаг.

16 хэсгийн дунд урлаг, спортын тэмцээн байнга зохиодог. Энэ ажил нь залуучуудын идэвхийг сайжруулдаг гэж бодож байна. Өмнө нь залуучуудын идэвхи муу байсан бол одоо залуучуудын оролцоо нэмэгдсэн байгаа. Тэдний саналыг их сонсдог болсон.

Залуучуудад чиглэсэн ажлаасаа дэлгэрүүлэхгүй юу?

Залуучуудын боловсролыг дэмжих ажлын хүрээнд 9,12-р анги төгсөөд сургуульгүй болсон хүүхдүүдийг хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаараа дамжуулан сургалтад хамруулах мэргэжлийн чиг баримжаа олгох зэргээр ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг эргэн төлөлттэй болон төлөлтгүй гэсэн хоёр зээлд иргэдийг хамруулж өгдөг. Үүнээс гадна манай хороон дээр Хадгаламж зээлийн хоршоо гэж байгуулагдсан.

Хорооны иргэдийн хувьд жижиг дунд үйлдвэр болон өрхийн үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ?

Хорооны хувьд өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа иргэд их байдаг. Одоогоор гэрийн тавилга, гэр хийдэг хоёр ч үйлдвэр байна. 2014 оноос Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийн дүрэмт хувцасыг хийж борлуулж, манай хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэсэн.

Хорооны иргэдийн хувьд хорооны мэдээллийг хэрхэн авдаг вэ?

Бид иргэдтэйгээ байнга уулзах өдөрлөг зохион байгуулдаг. Иргэд санал хүсэлтээ тавихаас гадна хэсгийн ахлагч нараараа дамжуулж мэдээлэл авдаг.

Гудамжны ахлагч нарыг томилсон. Манайх 120 гаруй гудамжтай. Эдгээр гудамжинд 97 ахлагч иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хийдэг.

Хэсгийн ахлагчаас гадна олон нийтийн эргүүл танай хороон дээр ажилладаг уу?

Манай хороонд ажилладаг. Мөн хоёр олон нийтийн эргүүл ажилладаг. Хороонд байцаагч нэг, хороо хариуцсан цагдаа нэг, олон нийтийн цагдаа хоёр ажилладаг. Урамшуулалт эргүүл хоёр ажилладаг. Гудамжны ахлагч нь олон нийтийн байгцаагч , хорооны цагдаа нарт хандаж гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Урамшуулалт эргүүл ажиллаж эхэлснээр гэмт хэргийн гаралт буурч байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30293
0 эможи
keyboard_arrow_up