2015 онд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв 17182 иргэнд хүрч үйлчиллээ

2016 оны 3 сарын 09

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн сургалт хариуцсан арга зүйч Б.Дуламсүрэнтэй тус төвийн үйл ажиллагаа, 2015 онд зохион байгуулсан арга хэмжээ, сургалт, 2016 онд хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

 


Сайн байна уу? Ер нь Албан бус-Насан туршийн боловсролын төв нь ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

Манай Албан бус насан туршийн боловсролын төв /АБНТБТ/ нь Хан-Уул дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэр бүл, Иргэний боловсрол, Ёс суртахуун төлөвшил, Амьдрах ухаан, Гоо зүйн мэдрэмжийн гэсэн боловсролын 5 чиглэлээр сургалт, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ дагуу 2015 онд нийт  17182 иргэнд хүрч үйлчиллээ.

Танай төвд иргэний боловсрол эзэмшихээр хэр олон хүн ханддаг вэ?

Манай төвөөс Хан-Уул дүүргийнхээ 16 хороонд судалгаа явуулахад 4 хүн бичиг үсэг тайлагдаагүй гэж гарсан. 2015 онд эдгээрээс 2 нь бичиг үсэг бүрэн тайлагдаж, 2 нь одоо сургалтанд сууж байна.  Хавар гэрчилгээгээ гардан авна. Мөн манайд  Дүйцсэн хөтөлбөрийн  бага , дунд, ахлах ангиудад 3-4 жил сургууль завсардсан хүмүүс суудаг. Эдгээр хүмүүс манай төвийг төгсөхдөө бүрэн дунд, суурь боловсролын гэрчилгээ авдаг. Ингэснээрээ цаашид мэргэжил сонгох, их дээд сургуульд орох боломжтой болно.  2016  онд  27  хүн хамрагдан  суралцаж  байна.

Танай дээр өөр төрлийн сургалтууд явагддаг уу?

Манайх мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр үсчин, гоо сайхан, оёдол эсгүүр, ноос боловсруулах, компьютер, англи хэлний зэрэг сургалт явуулдаг. Өнгөрсөн онд дээрх сургалтанд нийт 472 хүн хамрагдлаа. Мөн Бие дааж боловсрол дээшлүүлэх зорилгоор манай номын сан танхимын, зөөврийн, явуулын хэлбэрээр иргэдэд үйлчилдэг.  Нийт  3764 иргэнд  номоор үйлчилсэн.

Танай төв олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уу?

Олон нийтийн үйл ажиллагааны хувьд чиглэл чиглэлээр буюу төрөл бүрийн арга хэмжээг бүсчилсэн, нэг бүрчилсэн хэлбэрээр зохион явуулдаг. Жишээ нь Гэр бүлийн боловсролоор л гэхэд залуу гэр бүл ямар байх ёстой, гэр бүл төлөвлөлт,Иргэний боловсролын агуулгын хүрээнд  санхүүгийн боловсрол олгох, Өрхийн төсөв зарцуулалт, амьдрах ухааны боловсролоор  стрессээс хэрхэн  урьдчилан сэргийлэх, шийдвэр гаргах чадвар,Ёс суртахуун- төлөвшлийн агуулгаар” Мэргэжлээ хэрхэн сонгох, Ёс заншил, харилцаа гэх мэт   маш олон сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. Бид бүхэн сургалт бүрийнхээ дараа сургалтаа бататгаж олон нийтийн үйл ажиллагааг явуулж хэвшлээ.  Энэ олон нийтийн үйл ажиллагаанд 2015 онд 4200 хүн оролцсон.

Ийм олон төрлийн сургалт, арга хэмжээг зохион байгуулахад ААН, байгууллагууд дэмжлэг үзүүлдэг үү?  

Тэгэлгүй яахав. Манай төв хороодын засаг дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн1, 2 дугаар хэлтэс, Их дээд сургууль, коллежууд, Атар өргөө ХХК,  ДЗМОУБ зэрэг олон газартай гэрээ байгуулан хамтарч ажилладаг. Мөн манай дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсээс бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдагт талархал илэрхийлмээр байна.

2016 онд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?

Бид 2016 онд өнгөрсөн жилийн бүх сургалтуудаа үргэлжлүүлэн явуулна. Сургалтуудаа хэрхэн үр дүнтэй, илүү олон хүнд хүргэх, шинэлэг хэлбэрт оруулах тал дээр иргэдийн санал бодлыг тусгаж хэрэгжүүлнэ. Мөн 18-35 насны залуучуудыг идэвхтэй сургалтанд хамруулахаар анхаарч ажиллаж байна. Түүнчлэн мэтгэлцээний ,нийгэмшүүлэх циркийн, сурагч сонины зэрэг клубуудыг шинээр ажиллуулах болно.

Сургалтанд хамрагдахад ямар нэгэн шаардлага тавигддаг уу?

Манайх дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэстэй эргэх холбоотой ажилладаг. Үүний үр дүнд манай мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд суусан иргэдийн 70 хувь нь ажилтай болдог.

Бид сургалтандаа хамруулахдаа ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Манай сургалтууд Насны хязгааргүй, үнэ төлбөргүй  явагддаг онцлогтой. Суралтанд бүртгүүлэхдээ хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбартайгаа ирэхэд л болно.

Ярилцлагынхаа төгсгөлд та одоо явагдаж байгаа сургалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

 “Багшаа хөгжүүлье” тусгай хөтөлбөрийн хүрээнд  долоо хоногийн  5 дахь өдрийг  багш нарыг ажлын  байранд нь хөгжүүлэх,  мэргэжлийн заах арга ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлсэн сургалтуудыг амжилттай зохион байгуулж, сурсан арга зүйгээ ашиглан хичээл зааж, харилцан бие биенээсээ суралцаж хичээлийн хэлэлцүүлэг явуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байна.
Ярилцсанд баярлалаа

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29821
0 эможи
keyboard_arrow_up