О.Лхагвадорж: ХАН-УУЛ дүүрэгт 2016 онд 9.6 тэрбум төгрөгийн ажлын ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ зохион байгуулна

2016 оны 3 сарын 08

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2015 онд Нийслэлийн хэмжээнд хамгийн олон тендер цахимаар зарласан байна. Энэ талаар ХААА-ны дарга О.Лхагвадоржтой дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

 

Танай алба нь 2016 онд хичнээн ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна вэ. Бүтээн байгуулалтын томоохон ажлуудаасаа дурьдахгүй юу?

2016 онд манай алба нь улс, нийслэл, дүүргийн төсөв болон нийслэлийн автозамын сангийн хөрөнгө, мөн дүүргийн бусад алба, хэлтсийн захиалгаар нийтдээ 9.7 тэрбум төгрөгийн 63 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай ажлын явц 40 орчим хувьтай явж байна.

Өмнө жилүүдэд зураг, төсөлгүй төсөв их батлагддагаас болж ажил удаашрах, оройтох асуудал гардаг байсан. Энэ жил зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэл сайтай төсвүүд батлагдсан учраас ажил харьцангуй эрт зарлагдаад явж байна.

Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын томоохон ажлууд гэвэл 9 дүгээр хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, 3 дугаар хороо 46 дугаар цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил, 7 дугаар хорооны 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртлэх 1.2 км авто замын ажил, 5 дугаар хорооны Хаан банкны салбараас хойшхи 0.5 км авто зам, 13, 14 дүгээр хорооны гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах ажил,  мөн захын хороод буюу 12, 13, 14 дүгээр хороодын гэрэлтүүлгийн ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөөд байна.

Ер нь ХААА нь тендер зарлахаас гадна ямар ажлыг хариуцдаг вэ?

Манай албаны хувьд дүүргийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Мөн тендер сонгон шалгаруулалтыг иргэд, олон нийтийн хяналт дор ил тод, шудрага, нээлттэй явуулах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж буй иргэдэд Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 сертификатын сургалтыг зохион байгуулдаг.

Өнгөрсөн онд танай алба цахимаар нэлээдгүй тендер зарласан байсан. Яг хэдэн тендер зарлав?

Бид 2015 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр нийтдээ 11 тэрбум төгрөгийн 51 ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсны 75 орчим хувийг цахимаар зарласан. 2016 онд 100 хувь цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурьдвал, 8 дугаар хорооны 118 дугаар сургуулийн баруун уулзвараас хойшоо 1.4 км хатуу хучилттай замын ажил, 9, 10 дугаар хорооны гэрэлтүүлгийн ажил, 16 дугаар хорооны 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, 11 дүгээр хорооны 35 дугаар цэцэрлэгийн барилга, 2 дугаар хорооны 27 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын тендер, сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр 2014, 2015 онд Яармаг, Нисэхийн гэрэлтүүлгийн ажлыг бүрэн шийдсэн. Мөн ОНХС-ийн хөрөнгөөр иргэд рүү чиглэсэн, тэднийг дэмжсэн, иргэдийн бүлгийн нилээд олон ажлуудыг хийсэн байгаа.

Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс багтдаг вэ. Сүүлийн үед цахим тендерүүд нилээн зарлагддаг болсон байна?

Үнэлгээний хороонд тухайн хорооны иргэдийн төлөөлөл, захиалагчийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Цахим тендерийг шалгуурлахад ихэвчлэн ямар шалгуур, үзүүлэлтээр сонгодог вэ?

Тендерийг хянан үзэх явцад бидний гол шалгуур болгодог хүчин зүйл бол тухайн компанийн инженер техникийн болон санхүүгийн чадавхи, туршлага дээр голчлон анхаарч үнэлгээгээ хийдэг. Мөн урьд өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил дээр захиалагчийн хяналт тавьсан байгууллагын санал, дүгнэлтийг харгалзан үздэг.

Цахим тендерт шилжсэнээр ямар давуу тал, эерэг өөрчлөлтүүд гарч байна вэ?

Цахим тендерт шилжсэнээр тендерт оролцогчид болон манай албаны бичиг цаасны ажлыг нилээд хөнгөвчилж, зардлыг хэмнэж өгч байна. Мөн тендерт оролцогчдын тендерийн баримт бичгийн хуудас дугаар солигддог, булхайтай явагддаг гэсэн хардлага байхгүй болсон. ХАА-ны цахим тендерт оролцож байгаа компаниуд тендерийн материалаа Засгийн газрын цахим хуудас болох meps.gov.mn рүү илгээж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр материалууд нь худалдан авах ажиллагааны газрын төв сервер рүү илгээгдээд төв сервер дээрх материалыг бид татан авч үнэлгээ, сонгон шалгаруулалтаа хийдэг. Ингэснээр тухайн материалд ямар нэг өөрчлөлт орох боломжгүй, хяналт маш өндөртэй. Манайд албанд холбогдох хяналт шалгалтын байгууллагуудаас жилд хамгийн багадаа 3-4 удаагийн шалгалт хийгддэг. Энэ шалгалтын багийнхан төв сервер рүү илгээсэн тендерийн материалыг манайхтай харьцуулж үздэг учраас ямар нэг булхай, алдаа гардаггүй ээ.

Компаниуд цахимаар тендерт оролцохдоо ихэвчлэн юун дээр алдаж байна. Гол анхаарах зүйлүүд нь юу байна?

Барилгын болон тохижилт, дэд бүтцийн ажил гүйцэтгэдэг компаниуд програм хангамж,  компьютер техниктэй харьцдаг боловсон хүчний тал дээр сул, цахим тендерийн талаарх ойлголт муутайгаас үүдэн  материалаа илгээж чадахгүй, цаг хугацаандаа амжихгүй зэрэг асуудлууд мэр сэр гарч байна. Тиймээс цахим тендерт оролцох гэж байгаа газруудад зөвлөхөд Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг цахимын сургалтанд хамрагдаж, цахим тендерийн зааварчилгаа авч, тест хийж үзэх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29782
0 эможи
keyboard_arrow_up