Ж.ОРХОНБАЯР: Нийслэлийн Аудитын газрын санхүүгийн шалгалтаар ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ сүүлийн 5 жилд “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн үнэлгээ авсан

2016 оны 3 сарын 01
 

Санхүү төрийн сангийн хэлтэс нь дүүргийн төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулалтыг төлөвлөж Иргэдийн хурлаар батлуулах, батлагдсан төлөвлөгөөний хөрөнгө санхүүгийн зохион байгуулалт, зарцуулалтанд хяналт тавих, төрийн сан банкаар дүүргийн төсөвт байгууллагын болон дэргэдэх хэлтэс албадуудын төсвийн өдөр тутмын гүйлгээг хийж хяналт тавих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг байна. Чингэлтэй дүүргийн санхүү төрийн сангийн хэлтэст 13 мэргэжилтэн ажилладаг бөгөөд бид энэ удаа тус хэлтсийн дарга Ж.Орхонбаяртай дээрх ажлын чиг үүрэг, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.  

-Чингэлтэй дүүргийн хувьд жилд  дунджаар хичнээн төгрөгний орлого төлөвлөн зарцуулдаг вэ?

Монгол улс нэгдсэн төсөвтэй улс. Тэр ч утгаараа төсвийн тухай хуулинд заасан чиг үүргийн дагуу улс, нийслэлийн төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх чиг үүрэгтэй. Мөн хуулиар заасан нэр төрлөөрөө орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэн үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг л дээ.Чингэлтэй дүүрэг 2015 онд улсын төсөвт 42,8 тэрбум төгрөг, нийслэлийн төсөвт 45,3 тэрбум, орон нутгийн төсөвт 24,7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэн бүх шатны төсвийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэн  ажилласан.

-Дүүргийн төсвийн зарцуулалтыг хэрхэн зохицуулдаг вэ. 2015 онд орон нутгийн төсвийн орлогыг ямар ямар ажилд зарцуулсан бэ?

Дүүргийн төсвийн зарцуулалтын талаар ярихад  төсвийн тухай хуулиар орон нутгийн төсвөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүрэг гээд тодорхой хэрэгжүүлэх чиглэлүүдийг зааж өгсөн байдаг. Чингэлтэй дүүргийн хувьд 2015 онд орон нутгийн төсвийн орлогын 44 орчим хувийг дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх зардалд, 54 орчим  хувийг хот тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр , 2 орчим хувийг нийгмийн халамж асрамжийн үйлчилгээ үзүүлэх, бас хуулиар олгогдсон бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд  зарцуулсан.  Дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн байгууллагуудын албан хаагчдын цалин хөлс, НДШ, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлууд /ус, дулаан, гэх мэт/ уламжлал болгон зохион байгуулагддаг төвлөрсөн арга хэмжээнүүд, мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр баталсан хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг зардал багтдаг. Хот тохижилт бүтээн байгуулалтын зардалд хог тээвэрлэлт, гудамжны цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн зам талбайн засварлалт арчлалт, цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэгийн арчлалт хамгаалалт, гудамжны гэрэлтүүлгийн урсгалт засвар арчлалт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хамаарагддаг.

-Дүүргийн түвшинд харахад тохижилт бүтээн байгуулалтыг маш ихээр хийсэн харагддаг. Эргээд эдгээрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах чиглэлээр ямар ажил хийдэг вэ? Ер нь танай дүүргийг хараад байхад цэцэрлэгт хүрээлэнгүүд бичил цэцэрлэг, тохижилтын ажлууд ихтэй цэвэр цэмцгэр харагддаг.

Иргэдийн амар тайван аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь дүүргийн үндсэн чиг үүрэг байдаг. Сүүлийн 7,8 жилд Чингэлтэй дүүрэг иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх чиглэлээр нилээдгүй олон ажил хийсэн. Томоохон жишээ дурдвал 23 дугаар сургуулийн урд байрлах “Явуухулангийн нэрэмжит” цэцэрлэгт хүрээлэн, Сангийн яамны нэрэмжит “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэн, “Баавгайтай цэцэрлэг”, Самбуугийн гудамж, бага тойруу, анкара, мөн орон сууцны хороолол дунд хийсэн бичил цэцэрлэгүүд гээд дурдаад байвал асар их ажил байна. Эдгээр өмч хөрөнгийн арчлалт хамгаалалт гэдэг маш чухал асуудал байдаг. Дүүрэг маань бүх хийсэн ажлуудынхаа арчлалт хадгалалт хамгаалалтад онцгой анхаарч тодорхой хөрөнгө зарцуулдаг. Байнгын харуул хамгаалалт тавихаас гадна, цэвэрлэгээг тогтмол хийх, нөхөн сэргээх зэрэгт манай шар хантаазтанууд маань үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажилладаг. Тийм ч утгаараа шинээр хийсэн юм шиг байнга цэвэр цэмцгэр орчин байдаг. Явуугийн цэцэрлэгт хүрээлэн 2011 онд ашиглалтад орж байсан. Одоо 5 дахь жилдээ болж байгаа цэцэрлэг гэхэд хамгийн ая тухтай цэвэр цэмцгэр орчин Улаанбаатар хотын хэмжээнд харахад тэнд л байна. Тэр ч утгаараа бүх ажлуудаа хамгаалж арчилж байдаг. Иргэдийн маань ч ухамсар иймэрхүү цэвэр цэмцгэр орчинд орохоороо шал өөр байдаг, хог шороо, шүлсээ хаяж байгаа нэг ч хүн тэнд байдаггүй.

-Боловсролын байгууллагууд, өрхийн эмнэлэг гэх мэт байгууллагууд хаанаас санхүүждэг вэ. Хичнээн байгууллага байдаг вэ?

Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт буюу боловсрол, эрүүл мэнд, биеийн тамирын байгууллагуудын санхүүжилт, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт тусламжийн орлогоор дүүрэгт хуваарилагдан ирдэг. Нийтэд нь аваад үзэхэд Чингэлтэй дүүргийн хувьд төрийн өмчийн 14 сургууль, 24 цэцэрлэг, төрийн өмчийн бус 10 сургууль, 26 цэцэрлэг, 16 ӨЭМТ, Биеийн тамир спортын байгууллагууд гээд нийт 92 тусгай шилжүүлгийн байгууллага, орон нутгийн төсөвт байгууллага,  зардлын дансдууд,  ОНӨААТҮГ-ын нийт 14 орон нутгийн байгууллагын нийт 106 байгууллагын санхүүжилт хийгдэж байна.

2015 онд дүүрэг ЕБС-д 16,0 тэрбум төгрөгийн, цэцэрлэгт 10,0 орчим тэрбум төгрөгийн, ӨЭМТ-дэд 2 тэрбум орчим, биеийн тамир соёлын байгууллагад 300 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт төсвийн байгууллагуудын хүрээнд өр авлаг үүсгэлгүй ажилласан үзүүлэлттэй байна.

Дахиад нэг зүйлийг дурдахад, Нийслэлийн аудитын газраас санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар Чингэлтэй дүүрэг сүүлийн 5 жилд дараалан зөрчилгүй санал дүгнэлт гэсэн үнэлгээг өгсөн байдаг юм. Энэ нь манай дүүргийн нийт ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлээс гадна санхүүгийн сахилга батыг чанд мөрдөн ажилладаг дүүрэг юмаа гэсэн нэг үзүүлэлт болох байхаа.

-Дүүргийн төсвийн зарцуулалт болон бусад үйл ажиллагаагаа иргэдэд хэр нээлттэй, ил тодоор мэдээллэдэг вэ?

Манайх Шилэн дансны нэгдсэн цахим хуудас, дүүргийн вэб сайтын шилэн данс, ил тод байдал зэрэг цэсэнд бүх мэдээ мэдээллээ тогтмол оруулдаг. Мөн хэлтсээс “Төрийн сан” фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа. Фэйсбүүк хуудсын хувьд шинээр орсон хууль тогтоомжыг иргэдэд түгээхэд түлхүү анхаарч ажиллаж байна. “Цахим дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж мэдээллийн ил тод байдлыг хангах хүрээнд өнгөрсөн онд  дүүргийн 1 давхарт цахим самбар, гадаа мэдээллийн самбартай болсон. Одоо бүх хороодод “ухаалаг дэлгэц” байршуулж байгаа. Иргэд эдгээрээс дүүрэгтэй холбоотой бүх мэдээллүүдээ авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29521
0 эможи
keyboard_arrow_up