Телевизийн контентын дундаж үнэлгээ бодит өртгөөсөө бага байна

2016 оны 2 сарын 26

Монголын телевизүүдийн форум-2016” өнөөдөр Бест Вестэрн зочид буудалд болж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг форумын онцлох сэдэв нь “Контентын үнэлэмж Монголд” юм.

Өнөөдрийн форумд Монголын телевизүүд, үүрэн холбооны салбарынхан, уран бүтээлчид, төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Форумын нээлтийн дараа Maxima Media компанийн захирал О.Гомбожав нэгэн сонирхолтой судалгааг оролцогчдод танилцуулсан юм. Тэрбээр Монгол дахь телевизийн контентын үнэлэмж ямар байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монголын телевизүүд өдөрт 102 цагийн өдөр тутмын мэдээ, 94 цагийн сериал, 55 цагийн кино гаргаж байна.

Телевизүүд контентоо цацчихаад эргээд ямар орлого олж байгаа вэ?

Энэ асуултад хариулахын тулд судалгааг эргэн харах хэрэгтэй болно. Судалгаанаас харахад Монголын телевизүүд 2015 онд 56 сая секунд зар сурталчилгаа явуулсан нь зах зээлийн үнэлэмжээр 12 сая ам доллартай тэнцэж байна.

Үүнээс мөнгөөр төлөгдөөгүй байж болох зар сурталчилгаа нь 36 хувийг эзэлжээ. Мөн нийт зар сурталчилгаанд топ 20 компанийн эзлэх хувь 39 байна.

Нийт орлогыг нийт нийлүүлэлтэд хуваавал Монголын телевизүүдийн нэг цагийн контентын дундаж үнэлгээ нь 83 мянган төгрөг гарч байна.

12 САЯ АМ ДОЛЛАР/ 283 МЯНГАН ЦАГ = 83 МЯНГАН ТӨГРӨГ /НЭГ ЦАГИЙН КОНТЕНТЫН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ/

Гэтэл нэг цагийн мэдээний өртөг дунджаар 300 мянган төгрөг, олон ангит киноны өртөг 350 орчим ам доллар байдаг ажээ.

Эндээс харахад телевизийн контентын дундаж үнэлгээ бодит өртгөөсөө бага байна.

РЕЙТИНГЭЭРЭЭ ЭХНИЙ 10 ТЕЛЕВИЗИЙН ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХЭМЖЭЭ НЭГ САЯ СЕКУНДЭЭР

Боловсрол ТВ 2015 онд нийт 3.2 сая секунд реклам нэвтрүүлсэн нь бусад телевизүүдээс харьцангуй өндөр үзүүлэлт.

“Дундаж үнэлгээ хэтэрхий бага байгаа бөгөөд телевизийн салбарын контент цаашид хөгжих хэмжээнд үнэлэгдэж чадахгүй байгаа”хэмээн О.Гомбожав онцлов. Тэрбээр дараах дөрвөн дүгнэлтийг хийжээ.

  • Телевизийн салбар одоогийн байдлаар контентод үнэ цэнэ өгөх чадваргүй байна.
  • Өртгийг бууруулах зайлшгүй шаардлагын хүрээнд үнэ цэнэ багатай контент үйлдвэрлэгдэж байна.
  • Контентын үнэ цэнийг бодит өртгөөс өндөр байлгахын тулд үндсэн бус орлого шаардагдана.
  • Зөвхөн ТВ-д зориулсан контент үйлдвэрлэгдэх боломж бага. Хоёр гуравдугаар үеийн буюу бэлэн контент давамгайлна.

Ийм нөхцөлд телевизүүд хоёр аргаар ашигтай ажиллах боломжтой гэж харж байна.

КОНТЕНТЫН ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, КОНТЕНТЫН ӨРТГИЙГ ХУВААХ.

Тэгвэл телевизүүд үнэ цэнээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэвэл дараах гурван арга зам бий.

Юун түрүүнд телевизүүд нийт нийлүүлэлтээ бууруулах буюу телевизүүдийн тоо цөөрөх арга зам байж болно.

Мөн Нийт орлогоо өсгөх  боломж байна. Үүний тулд үзэгчдэд суурилсан худалдааны системд шилжих шаардлагатай байгаа.

Гурав дахь арга зам нь нэмэлт орлого олох буюу төр өөрөө хөрөнгө оруулах гэв.

“МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДЭД БИЗНЕСИЙН ШИНЭ ЗАГВАР ХЭРЭГТЭЙ БАЙНА”

~“Авъяаслаг Монголчууд” шоу алдагдалтай ажиллажээ~

О.Гомбожавын илтгэлийн дараа салбар хуралдаан “Контент ба түгээлт: Тулгарч буй шинэ бэрхшээлүүд” сэдвээр үргэлжлэв. Энэхүү салбар хуралдаанд модератороор О.Гомбожав, панелистаар NTV, Скай Медиа, VTV, Боловсрол ТВ, Монгол ТВ-ийн удирдлагууд оролцсон юм.

Тэдний хувьд контент болон түгээлтэд тулгараад буй бэрхшээлийг дараах байдлаар тодорхойлов.

Монгол ТВ-ийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэ “Энэ бол кабелийн компаниуд телевизэд мөнгө өгөх биш, телевизүүд нь мөнгө салгаж авах гээд байгаа асуудал биш. Оролцож байгаа гурван тал буюу үзэгчид, контент бүтээгчид, контент дамжуулагчид гурвуулаа хожих ёстой. Монголын телевизүүд зөвхөн зар сурталчилгаагаар орлогоо олоод явах асуудал мухардаж байна.

МҮОНТВ үзсэн ч үзээгүй ч айл болгоны тогны мөнгөн дээрээс 1,000 төгрөг авч чадаж байгаа бол хувийн телевизүүд өөрсдийнхөө контентын чанараас хамаараад хэрэглэгчдээсээ тодорхой хэмжээний мөнгө авах ёстой юм байна.

Хэрэв маш сайн контент хийсэн бол хэрэглэгчээсээ төдий хэмжээний мөнгө ав. Хэрэв чи “хог” хийчихсэн байх юм бол үнэ цэнэдээ тааруулаад мөнгө битгий ав. Ийм зохицуулалт байх хэрэгтэй” хэмээн хувийн телевизүүдэд үүсээд буй бэрхшээл, чанаргүй контентын асуудлыг шийдвэрлэж болох тухай өөрийн саналаа хэлэв.

Энэ талаар Медиа Группын Гүйцэтгэх захирал А.Баярбат “Бидэнд үүсэж байгаа боломж гэдэг талаас нь харвал илүү зүгээр гэж бодож байна. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нэг онцлог нь бусад салбар руу нэвтэрч ороод тухайн салбарын өгөөжийг нэмэгдүүлж, зардлыг нь бууруулдаг.

Мэдээллийн технологийн салбар контент үйлдвэрлэл, медиа салбарт орж ирснээр бидэнд боломж нээгдэж байна. Бидний яриад байгаа IPTV бол зөвхөн нэг л зам. Өөр олон зам гарч ирж байна.

Контент үйлдвэрлэгч болон түгээгч хоёр тийшээ харж суух хэрэггүй. Учир нь энэ хоёр бие биенгүйгээр явах арга байхгүй. Нэг нь чанартай бүтээл хийдэг, нөгөө нь маш олон аргаар түгээж чаддаг бол хэн хэндээ үр ашигтай.

Өнөөдөр бидэнд тулгарч буй асуудал цаг хугацааны асуудал байх аа. Бидний одоог хүртэл явж ирсэн бизнес загвартай холбоотой үүссэн асуудал. Уламжлалт арга буюу секундээр зар сурталчилгаа явуулж мөнгө олдог загвар цаашид явах боломжгүй болчихоод байна” гэв.  

Харин IPTV эрхлэгчдийн төлөөлөл Скай Медиа ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны контент менежментийн хэлтсийн дарга Н.Бат-Оргил өөрийн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын хэмжээнд 650 мянган айл өрх олон сувгийн үйлчилгээ хэрэглэж байна. IPTV-ийг нэвтрүүлэхийн тулд 60 орчим сая доларын хөрөнгө оруулалт хийгджээ.

IPTV гарч ирснээр телевизийн хөгжилд

  • Телевизийн өрсөлдөөнийг хүчтэй болгосон,
  • Телевизийн салбарын хөгжлийн хурдасгуур болж байна,
  • Видео сангийн үйлчилгээгээр дамжуулаад оюуны өмчийг дээдлэх загвар болж байгаа
  • IP TV-ийн ухраан үзэх үйлчилгээнээс хамаараад телевизийн өдрийн хөтөлбөрийн үнэ цэнэ нэмэгдэж юм болов уу гэж харж байна гэдгийг онцлов.

Тэрбээр нэмээд “IPTV зөвхөн телевизэд биш контент үйлдвэрлэгдэд ч мөн адил орлого олох боломж олгож байна” гэв.

Үүний дараа оролцогчдоос Монгол ТВ-ийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэд хандаж “Авъяаслаг Монголчууд” шоунаас Монгол ТВ ямар ашиг олсон бэ? хэмээх асуултыг тавьсан юм.

Тэрбээр “Манай эхний төсөл алдагдалтай ажилласан. Энэ хэмжээний баясал бэлэглэж байсан контентыг бэлтгэхийн тулд бид зүгээр л хувийн компаниудын санхүүжилтээр алдагдалтай ажиллаж байгаа юм.

Талархаад үзэж байсан хүмүүс сард хоёрхон мянган төгрөг одоо төлж байгаа мөнгөн дээрээ нэмээд төлөх үү гэвэл манай үзэгчид татгалзахгүй байх гэж бодож байна.

Монголын контент үйлдвэрлэгчид бүгд үнэлүүлье. Үнэлэх гээд сууж байгаа үзэгчид нь сонголттой байя. Үзэгч та 60 гаруй сувгаас 40 гаруйг нь үздэггүй бол сонголтоо хийж, дуртай сувгуудаа үлдээж болно. Үлдэж байгаа сувгууд нь үзэгчдээс ирж буй орлогыг рейтингээрээ хувааж авдаг байх гэсэн шударга зарчим хэрэгтэй байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29367
0 эможи
keyboard_arrow_up