А.ДАМЦАГДОРЖ: 2015 ОНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ГАДААД ХАРИЛЦААГ ӨӨР ТҮВШИНД ХАРУУЛСАН

2016 оны 2 сарын 24
 

Чингэлтэй дүүрэгт 2015 онд олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн ба боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдоржтой ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу. Чингэлтэй дүүрэг нэг цонхны үйлчилгээнээсээ авхуулаад иргэдэд мэдээлэл түгээх бүх сувгаа цахим болгосон гэж сонссон. Энэ ажлаас тань яриагаа эхлүүлье.

2015 онд манай Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс албадууд маань олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Эдгээрээс иргэдэд чиглэсэн нэг томоохон ажил нь “Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дүүргийнхээ 19 хороог тусгайлан шилэн кабелын сүлжээнд холбосон ба ингэснээр хороодын Иргэний танхим болон ажлын албадын байр утасгүй интернэтийн орчинтой болсон.

Дээрх ажилтай уялдуулан НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд анх удаа хороодод Нэг цонхны үйлчилгээний суурийг амжилттай тавин үйл ажиллагаа нь жигдрэн иргэддээ илүү ойртон үйлчилж байна. Түүх дурьдвал 2000 онд анх Нэг цэгийн үйлчилгээ хэрэгжүүлж эхлэхэд 29 мянга гаруй хүн үйлчлүүлж байсан бол, 2015 онд 276 мянга гаруй хүн үйлчилгээ авсан гэсэн тоон үзүүлэлт байна.

 Мөн дүүргийн “Нэг цэгийн үйлчилгээний танхим”-д “Төрийн үйлчилгээний ухаалаг дэлгэц”-ийг байрлуулсан ба иргэд захиргааны байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ болон 24 төрлийн 85 орчим мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Үүнээс гадна төрийн үйлчилгээ, мэдээллийг ойртуулах зорилгоор дүүргийн нэг давхар болон гадна байрлах дэлгэцээр өдөр тутмын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.

 Дээр дурьдсан нэг цонх болон цахим хөтөлбөрийн хүрээнд Мьянмар улсын төлөөлөгчид манай дүүрэгт ирж туршлага судлан улсдаа хэрэгжүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн.

Танай дүүрэгт 2015 онд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр байна уу.

Манай улсад гадаад харилцаа гэхээр л хоёр, гурван хүн гадаад явдаг, үр дүнгүй ажил болдог нийтлэг дүр зураг ажиглагддаг.  Манай дүүрэг гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой зорилго тавин ажилладаг ба бид гадны байгууллагын туршлага, тусламж дэмжлэгээр иргэдэд чиглэсэн тодорхой ажлуудыг үр дүнтэй хийж гадаад харилцааны үр өгөөжийг өөр түвшинд харуулж чадсан. Жишээ нь БНХАУ-тай гадаад харилцаагаа хөгжүүлж тус улсын Энхтайван хөгжлийн сангийн 1 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламжаар 15 дугаар хороонд хүүхдийн амбулаторийг байгуулсан.

Одоогийн байдлаар тус амбулаторид давхардсан тоогоор өдөрт 300-450 хүүхэд 15 төрлийн үзэл оношилгоог хийлгэж байна.

Мөн БНТУ-ын ТИКА Олон улсын байгууллага Хүүхдийн номын өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэхэд зориулан компьютер хэрэгсэлд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх мэт гадаад харилцааны үр шимийг хүртэхийн тулд цаашид харилцаагаа үргэлжлүүлэх, хийж байгаа ажлынхаа үр дүнг гаргах цогц арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Танай дүүрэг ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ-гөөрөө алдартай. Тэгвэл хүүхдийн номын өргөөнд зориулж “Ном хандивлах аян” өрнүүлж байгаа талаар мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй ярьж байна.  Энэ ажил одоогийн байдлаар хэр үр дүнтэй явж байна вэ? Номын өргөөний онцлог, давуу талуудын талаар уншигчдад сонирхуулахгүй юу?

 “Ном хандивлах аян”-нд нийт 20 гаруй байгууллага, хувь хүмүүсээс 2000 гаруй ном цугларсан. ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ –нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар ч саад бэрхшээлгүйгээр үйлчлүүлэх, мэдээ мэдээлэл олж авах орчинг иж бүрнээр нь ханган тохижуулсан нь томоохон онцлог юм. Уг номын сан нь  Монгол Улсад цахим болон чөлөөт сонголттой үйл ажилллагааг анхлан нэвтрүүлж байгаагаараа мөн онцлог.

Өнгөрсөн онд гаргасан амжилт, ололтуудаасаа товч ярьвал?

 Өнгөрсөн оны нэгэн томоохон ажил нь архив, бичиг хэргийн орчин нөхцөл, стандартыг хангасан тусгай өрөө байгуулан, архивын ажилчдад чиглэсэн 6 удаагийн сургалт явуулж, салбар комиссыг байгуулсан. Үүний үр дүнд бид улсын хэмжээнд бүрэн хангалттай гэсэн үнэлгээ авсан ба энэ нь манай баг хамт олон идэвхи санаачлагатай оролцсоны үр дүн гэж харж байгаа.

Мөн Нийслэлийн 2015 оны  аюулгүй, эрүүл орчинг бүрдүүлэх тал дээр дүгнэлт өгдөг “шилдэг хороо шалгаруулах болзолт уралдаан”-ны эхний 40 хороонд манай  6 хороо, шилдэг 20 хороонд манай 2 хороо шалгарч шагнал хүртсэн.

Дээрхээс гадна дүүргийн маань 170 гаруй мянган иргэнийг төлөөлж байдаг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар “Бүрэн хангалттай” гэж үнэлэгдсэн нь Чингэлтэй дүүргийн Тамгын газрын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнтэй байгааг илтгэх томоохон үнэлгээ юм.

Өнгөрсөн онд танай баг хамт олон олон ажлыг үр дүнтэй хэрэгжүүлжээ. 2016 онд ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бэ?

Чингэлтэй дүүрэг 2016 оныг ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан. Тус зорилтын хүрээнд ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх ажлууд хийгдэх болно.

Дээрх зорилго зорилтын хүрээнд “Аюулгүй, амгалан - Чингэлтэй” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба цагдаа , олон нийтийн байгууллага болон иргэдтэй хамтарч ажиллана. Одоогийн байдлаар иргэдийг аюулгүй байлгах, мэдээлэл өгөх ажлыг хоёр хороон дээр зохион байгуулсан ба иргэд талархалтай хүлээн авсан.

Мөн “Төрийн үйлчилгээний ухаалаг дэлгэц”-ийг бүх хороонд суурьлуулахаар шийдсэн ба иргэдэд өгөх төрийн үйлчилгээг хүндрэлгүй, шуурхай хүргэх нэг цонхны үйлчилгээг сурталчилах үүднээс  “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг бүх хороодод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг хүндрэлгүй, шуурхай хүргэж байдаг төрийн албан хаагчиддаа дүүргийн тамгийн газар хэрхэн анхаарал тавьдаг вэ?

Өвчингүй бол жаргал гэж монгол ардын зүйр үг байдаг шүү дээ. Ажилчин, албан хаагчдынхаа  эрүүл мэндийг хамгаалах үүднээс “Нappy Веритас” эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.  Энэ хүрээнд дүүргийн ажилчин, албан хаагчидаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахын  зэрэгцээ эрүүлжүүлэх, байнгын дасгал хөдөлгөөнтэй байлгах шинэлэг  хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн ажилчин албан хаагчдын мэдлэг боловсолыг дээшлүүлэх, сургах, гадаадад туршлага судлуулах ажлыг төлөвлөөндөө тусган ажилладаг ба тэднийг бүхий л талаар дэмжиж ажилласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар доктурант, магистурт   6 албан хаагч суралцаж байна. 

 Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29240
0 эможи
keyboard_arrow_up