Ж.ОЮУНЦЭЦЭГ: Манай хороо аливаа үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхдагч байсаар ирсэн

2016 оны 2 сарын 19

Чингэлтэй дүүргийн хамгийн том хороо болох 12 дугаар хорооны Засаг дарга Ж.Оюунцэцэгтэй 2015 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөтөлбөр, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу? Танай хороог олон зүйлд анхдагч болсон тухай сонссон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу та?

Манай хороо аливаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ анхдагч байсаар ирсэн. Учир нь утааг багасгах ажлын хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч хэрэгжүүлсэн дулаалга эсгий, зуух зэрэг төсөл хөтөлбөрүүд манай хорооноос эхлэлтэй. Нэг цонхны үйлчилгээг анх манай 12 хороо, Сонгины 23-р гудамжинд хэрэгжүүлж байлаа. Мөн иргэний танхимтай болох ажлыг санаачлан Нийслэлд уламжлан 6 жилийн турш уйгагүй хөөцөлдсний эцэст дүүргийн бүх хороодыг иргэний танхимтай болгосон гээд манай хорооны санал санаачлагаар хийгдсэн ажлууд ихтэй.

-2015 оны хувьд дэд бүтцийн ажил хэр хийгдсэн бэ?

Зам харилцаа жил ирэх бүр хөгжиж байна. Манай “Нарантуул 2” захын зам хатуу хучилтгүй учраас байнгын шороо, тоосонцортой байдаг байсан. Сая дүүргийн давсан орлогоор энэ замыг янзалж зассан.  8 жил шийдэж өгөөгүй нийслэл болон холбогдох газруудын хийгээгүй ажлыг дүүргийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба Дүүргийн удирдлагуудад иргэдийнхээ өмнөс талархаж байгаагаа илэрхийлье.  

Мөн гахайн байр луу 1.2 км засмал зам, Хайлстыг холбосон 500 м зам, бүх хороодод чулуу, засмал хосолсон юм уу зам тавьсан нь иргэдээс өндөр үнэлгээ авч байна. Ийм хослосон зам тоос шороогүй, халтиргаагүй байдгаараа онцлогтой.

-Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд хорооны иргэдийн тусламж дэмжлэг байдаг уу?

Манай хорооны иргэд их сэтгэл сайтай. Зам тавихад манай хорооны хоёр өрх өөрсдийн санаачилгаар  ажилд тусалж, гар бие оролцсон. Бас хогийн карьер байсан газрыг манай хорооны залуу цэвэрлээд “Ногоон нуур” цогцолбор байгуулсан. Ийм залуучуудыг дэмжиж өгвөл олон ажлууд хийгдэнэ гэж найдаж байна.

-Өнгөрсөн онд гаргасан амжилт, зохион байгуулсан арга хэмжээнүүдээсээ хуваалцаач?

Манайх 2 захтай учраас хөл хөдөлгөөн ихтэй. Гэхдээ манай хэсгийн байцаагч нар сайн ажилладаг. Манай Хэсгийн байцаагч Бат-Эрдэнэ саяхан Цагдаагийн байгууллагын Хөдөлмөрийн аварга, Иргэний бүртгэлийн ажилтан маань байгууллагын аварга болсон.  

Ер нь Сар шинийн баярыг угтаж хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, Мартын 8, Цэргийн баяруудаар тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, санал солилцох ажлуудыг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг . Хөршийн холбоо хөтөлбөрийг Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран хэрэгжүүлсэн. Үүнээс гадна манайх 162 гудамжинтай ба гудамж бүрт нийтийн эргүүл ажлуулах санал гаргасаны дагуу 117 хүн цагдаагийн байгууллагын, хэсгийн байцаагчдын удирдлаган дор нийтийн эргүүл хийж байна. Удахгүй нийтийн эргүүлүүд маань өөрийн гэсэн хантаз, хувцастай болно.

Хог цэвэрлэх ажилд хороодын эмзэг бүлгийн 20 хүмүүсийг авч ажилуулж байгаа. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэр эрхлэгчид манайд олон байдаг. Өнгөрсөн жил гэхэд 42 төсөл ирснээс 12 нь шалгараад, төслийн ашиг шимийг хүртэж байна.

Эдгээрээс гадна цэргийн штабтай хамтран өршөөлийн хуулиар суллагдсан 21 хүнд “Итгэл урам” лекцыг зохион байгуулж 5 иргэнийг ажлын байртай болгосон гээд хийж хэрэгжүүлсэн ажил ихтэй, үр өгөөжтэй жил өнгөрлөө.

-Энэ онд ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Цэцэрлэггүй байсан хороо цэцэрлэгтэй, цэцэрлэг сургуулийн цогцолбортой болж байна. Удахгүй 5 сараас шинээр сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орно. Дээрээс нь хаана ч байхгүй  дахиад нэг анхдагч ажлыг хийхээр төлөвлөж байна. Нйислэлийн хэмжээнд улсад  байхгүй жишиг өрхийн эмнэлэг баригдаж байна. Одоогоор эмнэлгийн хоёр давхар нь баригдсан. Дулаархаар ажил үргэлжилнэ.

2016 онд хийж бүтээх ажил их байгаа. Орон нутгийн хөгжлийн  мөнгөөр 19 гудамжинд бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулсан. Одоо бүх хүмүүсийн очих дуртай газар болсон ба 2016 онд үргэлжүүлэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Мөн ахмадуудад зориулсан амрах талбайг хийхээр төлөвлөн ажил маань урагшилсаар байна.

-Бидэнд дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд тань баярлалаа. Цаашдаа олон шинэлэг ажлуудыг санаачлан хийж ард иргэддээ үйлчилнэ гэдэгт итгэж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29056
0 эможи
keyboard_arrow_up