Я.Орломсүрэн: Чингэлтэй дүүрэгт өв уламжлал,түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх томоохон ажлууд хийгдлээ

2016 оны 2 сарын 18
 

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс нь боловсрол, соёл урлаг, гэр бүл, хүүхэд, залуучууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг олон чиглэлээр иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг хэлтэс юм. Сэтгүүлч миний бие тус хэлтсийн дарга Я.Орломсүрэнтэй өнгөрсөн 2015 онд хийж, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээ, 2016 онд хийгдэх ажлуудын талаар ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Танай хэлстийн хувьд олон салбар хариуцаж ажилладаг. Тиймээс салбар тус бүр дээр товчхон ярья. Эхлээд өнгөрсөн 2015 онд боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаас эхлэх үү?

2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 23 цэцэрлэг, ерөнхий боловсролын 14 сургууль, төрийн бус өмчийн 24 цэцэрлэг, 7 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулсан.

Ерөнхий боловсролын сургуульд 25540 сурагч, цэцэрлэгт 9354 хүүхэд, Албан бус Насан туршийн боловсролын төвд дүйцсэн хөтөлбөрөөр холимог бүлэгт 82, суурь боловсрол эзэмших 30, ахлах бүлэгт 72 нийт 184 хүүхэд суралцаж байна.

Монгол үндэстний өв уламжлал, соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилгоор дүүргийн ЕБС-ийн сурагчдын дундМиний өв соёл-Монгол бичиг мину”, “Угийн бичгээ хөтөлж сурцгаая” зэрэг аянг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлуудаа 2016 онд үргэлжүүлэх болно.

Манай дүүрэг 2015 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, 43 дугаар цэцэрлэгт нэмэлт бүлгийн барилга барьж ашиглалтад оруулсан. Одоо тус цэцэрлэгүүдэд нийтдээ 260 гаруй хүүхэд суралцаж байна.

2016 онд ямар ажлуудыг шинээр хийхээр төлөвлөж байна вэ?

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8, 16, 18 дугаар хороодод тус бүр 150 хүүхдийн ортой цэцэрлэг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12, 16, 17 дугаар хороодод тус бүр 180 хүүхдийн суудалтай бага сургууль, 120 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж ашиглалтад орно. Мөн гэр хорооллын хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сан болон дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 124, 154, 174 дүгээр цэцэрлэгүүдэд нэмэлт бүлгийн байр барихаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлээд байна. Ингэснээр дүүргийн цэцэрлэгт хамрагдалт 67.2 хувиас 90 хувьд хүрэх урьдчилсан тооцоо хийгдээд байна.

2015 онд танай дүүрэгт Хүүхдийн амбулатори баригдсан. Ер нь эрүүл мэнд, спортын хувьд хэр өгөөжтэй жил байв?

Өнгөрсөн онд 15 дугаар хороонд БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-ийн дэмжлэгтэйгээр 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар хүүхдийн амбулатори баригдсан. Одоогийн байдлаар 3000 орчим хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Өмнөх онтой харьцуулахад 0-5 насны хүүхдийн эндэгдэл, гэрийн төрөлт, амьгүй төрөлт, хяналтгүй төрөлт буурсан үзүүлэлттэй гарсан.

Үүнээс гадна дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг, Яаралтай тусламжийн хэсгийг ханын хийн системтэй болгож, хийн баллон чирж явдаг байсныг зогсоосон, энэ нь хүнд өвчтөнг цэвэр хүчилтөрөгчөөр хангадаж байна гэсэн үг.

Энэ онд 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт яаралтай түргэн тусламжийн пунктийг барихаар болсон. Мөн 12 дугаар хороонд “Өрх, НЭМ-ийн жишиг төв”-ийг байгуулах ажлыг үргэлжлүүлэн, ашиглалтанд оруулна. Гэр хороололын дахин төлөвлөлтийн хүрээнд 15 дугаар хороонд хүүхдийн эмнэлэг барих ажлууд хийгдэнэ.

Тэгвэл биеийн тамир, спортын хувьд ямар ямар амжилт гаргасан талаар бидэнд сонирхуулахгүй юу?

Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг спортын 11 төрлөөр хичээллүүлж чамгүй хугацааг өнгөрөөгөөд байгаа, энэ оноос 13 болж өргөжлөө. Өсвөрийн шигшээ багийн тамирчид маань улс, олон улсын уралдаан тэмцээнээс 2015 онд 600 гаруй медаль хүртсэнээс 70 гаруй нь Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын тэмцээнээс хүртсэн байна.

Өнгөрсөн онд Хүүхдийн спортынV их наадамд 1876 өсвөрийн тамирчид 12 төрөлд дүүргээ төлөөлөн оролцож, 16 алт, 21 мөнгө, 12 хүрэл нийт 49 медаль, сонгох 6 төрөлд өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцож 57 медаль хүртэснээр багийн дүнгээр улсад Дэд байр эзэлсэн. “Улаанбаатар Марафон -2015” Олон улсын тэмцээнд иргэдээ идэвхтэй оролцуулж тэргүүн байр, түүнчлэн Биеийн тамир спорт хороо маань хийж хэрэгжүүлсэн ажлаараа Нийслэлд тэргүүлсэн зэрэг олон амжилтыг үзүүлсэн.

Мөн ирээдүйн иргэний өв тэгш бие бялдартай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үүднээс 10 дугаар хороонд усан бассейн мөсөн гулгуур, спорт тоглоом чийрэгжүүлэлтийн заалтай 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байна.

Чингэлтэй дүүрэг нийгмийн халамжийн чиглэлээр иргэдийг бичиг баримтжуулсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Дүүргийн удирдлага хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ нэлээд анхаарч, дэмжин ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмшүүлэх, асран хамгаалагчдыг чадваржуулах зорилгоор бүлгийн системд оруулан хамтран ажиллаж байна.

Бичиг баримтгүй, бичиг баримтаа гээгдүүлсэн, дахин авах чадваргүй амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу амьдралтай өрхүүдийн100 иргэнд иргэний бичиг, баримт олгох ажил хийгдсэн. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд өөрийн гэсэн бичиг, баримттай болсноор улсаас үзүүлж буй аливаа халамжийн үйл ажиллагаанд хамрагдах албан ёсны эрх үүсч байгаа юм.

Үүнээс гадна дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд чиглэсэн нилээн ажлуудыг хийсэн. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан “Хүүхдийн Номын Өргөө”-г сонсдог ном, барель номоор хангах ажлуудыг үе шаттай хийж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд зориулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Тэдгээр хүмүүс хүсэл зорилгоороо нэгдэн “Гэгээлэн” төвийг байгуулсан дүүргийн зүгээс дэмжин 17 дугаар хорооны хуучин байранд үйл ажиллагааг нь эхлүүлэн тогмолжуулж байна. Одоо 16 дугаар хорооны хуучин байранд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Өдрөөс өдөрт Дүүргийн маань хүн ам маань өсөн нэмэгдэж, тэлж байна. Мэдээж хүний амьдрал баялаг зовлон бэрхшээл, сайн муу ээлжлэн байдаг. Өвдсөн зовсон, орон гэргүй, амьдралын нөхцөл хүнд иргэдийн өргөдөл хүсэлтийн дагуу Дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Танай дүүргийн хувьд их оюунлаг, түүх соёл, ёс заншлыг эрхэмлэсэн арга хэмжээг их зохион байгуулж байгаа харагддаг. Энэ хүрээнд ямар ямар арга хэмжээ зохиогдож байна вэ?

Хүүхэд багачуудаа Улсынхаа түүх соёл, ёс заншлыг танин мэдэх, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор олон ажлуудыг хийсэн. Тодруулбал: “Эх түүхээрээ бахархая”, “Угийн бичгээ хөтлөе”, “Номтой нөхөрлөе” аянуудыг зохион байгуулан ерөнхий боловсролын давхардсан тоогоор 30 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Үүний дүнд 15000 гаруй хүүхэд багачууд 3-5 үеээ мэддэг болж угийн бичгээ хөтлөж эхлээд байна.

Монгол түмний шүтээн, төрт ёсны уламжлал, бичиг хэл, түүх соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг иргэдэд төлөвшүүлэх зорилгоор Чингэлтэй хайрханыг тайх тахилга, “Иргэдийн Баяр”-ыг зохион байгуулсан.

“Найрсаг Улаанбаатар”, “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, СУИС, Улаанбаатарын Их сургууль, Драмын театр, “Энэрэл” дээд сургууль гээд олон газартай хамтран ажиллаж байна.

Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейг гэхэд дүүргийнхээ ахлах ангийн 24 мянга гаруй үнэ төлбөргүй үзүүлж, Монголын дүрслэх урлагийн түүх, оюуны үнэт бүтээл, соёлоор танин мэдэх оюуны хөрөнгө оруулалт болж байгаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Дүрслэх урлагийн музейн урд хэсгийн Хүннүгийн үеийн ширмэл ширдгийн хээг байгалийн чулуугаар шигтгэн иж бүрэн тохижуулсан.

Аливаа үндэстний түүх, соёл улс орны оршин тогтнох үндэс, дархлаа болдог.  Энэ ч утгаараа Чингэлтэй дүүрэг өв уламжлал, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх нилээдгүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

Төрөөс баримталж буй соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд эрдэмтэн мэргэдийн оюун бодол, Монголын үнэт соёл, үүх түүх, бичиг оюуны талаар эрдэмтэн мэргэдийн үнэт сургааль, үгийг сонсож, зөвлөмж авахаар дүүргийн Засаг даргын дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулсан. Зөвлөлд Шинжлэх ухааны Доктор С.Дулам, УБИС-ийн профессор, доктор Цэдэв, Зураач, зохиолч, доктор Ж.Саруулбуян гээд олон хүмүүстэй хамтран ажилладаг.

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29016
0 эможи
keyboard_arrow_up