ХУД-ийн ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ХАН-УУЛ РОБО” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2016 оны 2 сарын 17
Хан-Уул дүүрэг 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр боловсруулан “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын орчин сайжруулах, хөрөнгө оруулалт оруулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлуудыг амжилттай зохион байгууллаа.
 
Өнөөдрийн байдлаар дүүргийн хүүхэд, багачуудад зориулж 64 төсөл, хөтөлбөрт нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулаад байна. 
Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 2015 онд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 10 сургуульд "Робот кабинет" байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэн, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх болсон. Үүний дагуу ХУД-ийн Засаг даргын Тамгын газар, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн Засаг даргын нэрэмжит "ХАН-УУЛ РОБО" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү тэмцээнд ХУД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн 18 баг, 100 гаруй сурагчид оролцож хамгийн өндөр оноо авсан 3 багийг шалгаруулсан юм. 

1-р байрт: 41-р сургуулийн “Online 11” баг 410 оноогоор
2-р байрт: 26-р сургуулийн “Ирээдүйн инженер” баг 400 оноогоор
3-р байрт: 41-р сургуулийн “Robocop” баг 370 оноогоор 
тус тус шалгарч мөнгөн шагнал, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулдаг лего роботын талбайг дүүргийн удирдлагууд гардуулж өглөө.
2016 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бөгөөд дүүргийн төсөвт 500 сая төгрөг тусгагдсан бөгөөд цаашдаа Хан-Уул дүүргээс ирээдүйн инженер, эмч, багш, эдийн засагч, урлаг спортын одууд зэрэг дэлхийд үнэлэгдэх иргэдийг бэлтгэж байгаагаараа онцлог юм.

Тэмцээний үеэр Хан-Уул дүүргийн удирдлагууд болон сургуулийн багш, сурагчдаас авсан сэтгэгдэлийг хүргэж байна.

ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: Цаг үе маань их хурдацтай хөгжиж өөрчлөгдөж байна. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийсэн. Үүний нэг нь роботын кабинет байгаа. Өнөөдрийн тэмцээн үнэхээр өргөн хүрээг хамарч чадсанд баяртай байна. Цаашдаа бүх сургуулиа роботын кабинеттай болгох ажлыг эрчимжүүлж ажиллах болно.
ХУД-ийн Засаг даргын орлогч С.Баасандолгор: Тэмцээнд оролцож байгаа 18 баг бүгдээрээ даалгаварыг амжилттай биелүүлж байна. Манай сургуулиуд төвийн, захын гэлтгүй бүгд маш сайн байна. Тухайлбал, манай дүүргийн хамгийн алслагдсан хорооны 26 дугаар сургууль маань амжилттай сайн оролцлоо. Мөн 5 дугаар хорооны 41 дүгээр сургуулийн баг 410 оноогоор тэргүүллээ. Энд оролцож байгаа багш нарыг харахад зөвхөн мэдээлэл технологийн багш биш, технологийн, физикийн, математикийн гээд бүгд хамтарч ажилласан байна. Мөн багаар ажиллах ур чадварыг сайжруулж байгаад баяртай байна.  
 ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг: Өнөөдрийн тэмцээнд 10 сургуулийн 180 хүүхэд оролцлоо. Ихэнх сургуулиас 6-12 дугаар ангийн 2, 2 орсон. Нийт 6 даалгавар гүйцэтгэж онооны дарааллаар эхний 3 байрыг шалгаруулж Засаг даргын нэрэмжит шагнал болон үндэсний хэмжээний тэмцээнд орох эрх гардууллаа. 9 сараас эхэлж кабинетуудаа байгуулсан. Энэ хугацаанд багш сурагчид маань нилээн сайн ажилласан байгаа нь тэмцээний үеэр харагдаж байна.  
 
ХУД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган: Ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилготой энэ том ажлын маань эхлэл амжилттай тавигдсан. Өнөөдөр багш, сурагчид бүгд маш их идэвхтэй оролцлоо. Энэ тэмцээн шагналын сан өндөр байгаа бас Роботын тэмцээн зохион байгуулж байгаа анхдагч дүүрэг болж байна. Үүнтэй холбогдуулан бусад дүүрэг, сургуулиудаас туршлага судлах, хамтарч ажиллах саналууд их ирж байгаа. Мөн бидэнд ийм сайхан оюунлаг ажил хийж байгаад баяр хүргэж байгаад сэтгэл өндөр байна.
ХУД-ийн 118  дугаар сургуулийн технологийн багш Б.Баттулга: Манай дүүргийн 10 сургуульд Робо лего тоглоомыг өгсөн. Ингэж кабинет байгуулснаар хүүхэд бүрт хүрч ажиллаж байгаа. Энэ тэмцээний хувьд их үр өгөөжтэй сайхан болж байна, цаашдаа уламжлал болгон зохиогдох байх. Бага ангиас эхлээд л оролцож болох бүрэн эрхтэй юм байна. Манай сургуулийн хувьд ахлах ангиас 1, дунд ангиас 1 баг оролцлоо. Тэмцээн дээр программаа зөв тохируулах нь хамгийн чухал. 
ХУД-ийн 26 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Э.Наранхүү:  Миний хувьд сургуулиа төлөөлж оролцож байгаа хоёрдугаар багийн гишүүн. Анх удаа оролцож байгаа гэхэд их юм сурч байна. Багууд их хүчтэй, өрсөлдөөн маш ихтэй гоё тэмцээн боллоо. Лего тоглоом сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг учраас тэмцээн гэхээсээ илүү биднийг хөгжүүлж байгаад баяртай байна.
     
ХУД-ийн 15 дугаар сургуулийн 10а ангийн сурагч н.Эрхэмбаяр: Анхны тэмцээн учраас их сандарч байна. Тэмцээн дээр 620 онооноос 200 оноо авсан. Сургууль дээр маань Робот кабинет байгуулагдаж хүүхдүүд чөлөөт цагаа илүү зөв боловсон өнгөрөөж байгаад баяртай байна. 
ХУД-ийн 26 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Б.Эрхэмбаяр: Сэтгэл их өндөр байна. Манайх оноогоороо нилээн дээгүүр орлоо. Энэ тэмцээнд тус бүр 5 хүнтэй 2 баг болон оролцсон. Бид нар бараг сар бэлдсэн. Бэлтгэлээ сайн хийсэн учраас амжилт гаргалаа гэж бодож байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28926
0 эможи
keyboard_arrow_up