“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 25 багц ажлыг хэрэгжүүлнэ

2016 оны 2 сарын 16

Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.Хөтөлбөрийн хүрээнд энэ жил ямар ажлуудыг хэрхэн өрнүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар оролцлоо.
           
НИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 7 үндсэн зорилтыг тавьсан ба эдгээр зорилтын хүрээнд 2016 онд 25 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд: 
Нэгдүгээр зорилтын хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох ажлууд хийгдэнэ. Үүнд зочид буудал, дэн буудлын стандартыг шинэчлэх, нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан жуулчдын тоог ор/хоногоор тооцох аргачлалд шилжих, төрийн байгууллагуудаас зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөөн, арга хэмжээг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулах зэрэг зохицуулалтын ажлууд багтаж байна.
Хоёрдугаар зорилтын хүрээнд гадаад дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх ажлууд байна. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг иргэний харьяалал харгалзахгүй үзүүлэх нөхцөлийг нийслэл, дүүргийн эмнэлгүүдэд бүрдүүлэх, Улаанбаатар хотын жуулчны мэдээллийн төвүүдийг тогтвортой  ажиллуулах, “Жуулчны мэдээллийн лавлах утас”-ны үйлчилгээг технологийн дэвшилд тулгуурлан сайжруулах, Улаанбаатар хотын үйлчилгээний газруудын хаяг, байршлын мэдээллийг Гүүгл Мэпд 3D хэлбэрээр оруулж, иргэд жуулчид гар утас, ухаалаг төхөөрөмжөө ашиглан хялбар зорчих, ойр орчмын үйлчилгээний газруудынхаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлнэ. Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Гуравдугаар зорилтын хүрээнд гадаад, дотоодын жуулчид, иргэдэд зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулж, алжаал тайлах тав тухын орчныг бий болгох ажлууд хийгдэнэ. Тухайлбал хот орчмын явган аяллын нэг гол чиглэлийг олон улсын стандартын дагуу үлгэр жишээ тохижуулах, НИТХ-аас батлагдсан Улаанбаатар хотын аяллын гол маршрутын дагуу, гудамж талбайд хийгдэх тохижилтын ажлууд багтаж байна.
Дөрөвдүгээр зорилт буюу Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон  гадаадад сурталчлах ажлын хүрээнд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Япон, Хонгконг зэрэг орнуудад зохиогддог дэлхийд тэргүүлэх аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагуудад Улаанбаатар хотыг сурталчлан оролцох, олон улсын нэр хүндтэй сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлах цогц ажлууд хийгдэнэ.
Тавдугаар зорилт буюу Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах ажлын хүрээнд Хүрэлтогоот дахь одон орон судлалын төвийг гадаад, дотоодын жуулчдад нээлттэй, аялал жуулчлалын төв болгох ажлыг эхлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчих, үзвэр, үйлчилгээний газруудад багцын үнээр үйлчлүүлэх боломжтой “Жуулчин” картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, агаарын такси үйлчилгээ нэвтрүүлэх эхний шатны ажлууд хийгдэнэ.
Зургаадугаар зорилтын хүрээнд жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах юм. Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулсан 7 томоохон олон нийтийг хамарсан соёл, урлагийн арга хэмжээ, бусад хугацаанд 21 соёл урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулна. Эдгээрийн дотор “Даншиг наадам-Хүрээ цам”, Сонгодог урлагийн үдэш, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд зэрэг 2015 оноос эхэлсэн жуулчдын сонирхлыг ихээр татаж буй арга хэмжээнүүд багтсан.
 Долоодугаар зорилт буюу бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орны сургалтын хөтөлбөрөөр үйлчилгээний менежментийн сургалтууд явуулж, 2000 үйлчилгээний ажилтныг бэлтгэж мэргэшүүлнэ. Үйлчилгээний болон хотын соёлыг дэлгэрүүлэх “Инээмсэглэх Монгол”, “Найрсаг Улаанбаатар” зэрэг нийгмийн аяныг явуулна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн жил гадаадын жуулчдын тоо 6 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 3,4 тэрбум төгрөг зарцуулсан бол Нийслэлийн Татвар, Статистикийн газраас 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн судалгааг гаргажээ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28855
0 эможи
keyboard_arrow_up