2016 онд дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэд ТОХИЛОГ СУУЦАНДАА орно
Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршилд, 57 хэсэгчилсэн талбайд 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2000 гаруй иргэн тохилог сууцаар хангагдсан юм. Харин 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал,
Баянзүрх дүүрэгт:
Зургаан талт ХХК – 150 айлын орон сууц
Гангар инвест ХХК – 168 айлын орон сууц
Баганат өргөө ХХК – 144 айлын орон сууц
1. Сонгинохайрхан дүүрэгт:
Стандарт проперти групп ХК – 262 айлын орон сууц
Хера пропертийз ХХК – 320 айлын орон сууц
2. Сүхбаатар дүүрэгт:
Пример инвестмент групп ХХК – 60 айлын орон сууц ашиглалтад орно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.