С.Эрдэнэчимэг: 2015 оны ажлаараа Нийслэлийн хэмжээнд манай хэлтэс Дэд байр эзэлсэн
Хан-Уул дүүргийн хэлтэс, албад, хороодууд өнгөрсөн жилийн ажлаа иргэд олон нийтэд тайлагнаж, ирэх жилийнхээ зорилго, зорилт, зохион байгуулах томоохон ажлуудаа цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
Сайн байна уу? Өнгөрсөн онд сургууль, цэцэрлэгт хийгдсэн ажил, бүтээн байгуулалтын талаар ярилцлагаа эхэлье?
Манай дүүрэгт нийт 5 цэцэрлэг ашиглалтанд орсон. Одоо 10 болон 14 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор удахгүй нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 71 дүгээр сургуульд 140 сая төгрөгний их засвар, БСШУЯ болон Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 72, 42, 53 дугаар цэцэрлэгүүдэд нийт 150 сая төгрөгний засвар тус тус хийгдсэн. Мөн дүүргээс нийт 80 сая төгрөгийн хөрөнгө гаргаж сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан.
Цөм хөтөлбөрийн хэрэгжилт танай дүүрэгт хэр амжилттай явж байна вэ?
БСШУЯ-ны Сайд, Нийслэлийн боловсролын газрын албан даалгаварын хүрээнд шат шатандаа цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. СӨБ-ийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дүүргийнхээ жишиг цөм хөтөлбөрийг гаргасан. Мөн цэцэрлэг болгон өөрсдийн онцлогт тохирсон хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байгаа. Түүнчлэн багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, НБГ-ын мэргэжилтэнүүдтэй хамтран сургуулиудынхаа эрхлэгч, арга зүйчдэд 2-3 удаа сургалт зохион байгуулсан. Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ОУ-ын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг багш нартай хамтран бүх цэцэрлэгүүдээр явж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн. Ер нь манай дүүрэгт Бага, Суурь, СӨБ-ийн цөм хөтөлбөрүүд нэлээд жигдэрчихсэн явж байна.
2015 онд “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс гадна өөр ямар ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бэ?
“Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд шилдэг төсөл шалгаруулах уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд “СӨБ-ийн жишиг хөтөлбөр”, “Сайн хүүхэд” гэсэн хоёр хөтөлбөр шалгарч, амжилттай хэрэгжүүлж дууссан. Энэ хөтөлбөрүүд нь багш, ажилчид, эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авсан. Мөн Бага боловсролын цөм хөтөлбөрийг эрчимжүүлж, засан сайжруулах ажил хийгдээд явж байгаа. Багш, менежер ажлын туршлага солилцох хөтөлбөрийг өөрийнхөө хэлтсийн зүгээс зохион байгуулж ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 59, 60 дугаар сургуулиуд хамрагдаад явж байгаа. Бага боловсролын менежерүүд залуу багш нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх төслийг амжилттай зохион байгуулсан. Төсөлд амжилттай сайн оролцсон 5 багшийг Засаг дарга өргөмжлөлөөр шагнаж, урамшуулсан. Мөн суурь боловсролын хүрээнд энэ жил шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд 32 дугаар сургуулийн математикын багш нарын санаачилсан хэрэглэгдэхүүний төслийг хэрэгжүүлж, нийт сургуулиа математикын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулахаар болсон. Ном авьяас хөтөлбөр, Хүүхдэд Ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд 3 кабинет байгуулсан. Мөн 10 сургуульд лего роботын кабинет байгуулаад амжилттай хичээллэж байна. Тун удахгүй бид дүүргийн хэмжээнд Засаг даргын нэрэмжит Лего роботын уралдааныг зохион байгуулна. Эндээс шалгарсан эхний 3 баг үндэсний хэмжээний уралдаанд оролцоно.
Таны ярьж байгаагаар багш нараа дэмжих, хөгжүүлэх сургалт, зөвлөн туслах үйлчилгээг байнга үзүүлдэг юм шиг байна?
Тэгэлгүй яахав. Ахлах ба суурийн менежерүүдээ сургалтанд хамруулж, НБГ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулсан. Саяхан 1 сарын 5-7-ны хооронд суурийн менежерүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Нийгмийн ажилтануудын хичээлээс гадуурх ажиллагааг дэмжих зорилгоор хэлэлцүүлэг явуулсан.
Энэ онд ямар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
Цаашдаа дүүргийн хэмжээнд ердийн болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах хэрэгтэй байна. Хүүхдийн тоо, барилга байгууламжийн зохион байгуулалт их чухал. Ийм учраас судалгаа, шинжилгээ хийж байгаа. Хүүхдийн тоо, байршил зэргийг харгалзан үзээд Нисэх, Яармаг, Төвийн бүс орчимд гээд 3 газар Ахлах сургууль байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн СӨБ, бага болон суурь боловсролын цөм хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх ажлуудаа хийнэ. Сургалтын орчин хэрэглэгдэхүүн сургалтын баазыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Ирэх хичээлийн жилд Яамнаас бүх сургуулийг Байгалийн ухааны лабортортой болгож өгнө гэсэн. Ингэж бүх сургуулиудаа кабинеттай болгосноор сурагчдад Байгалийн ухааны багцалсан ойлголт өгч, техник сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх том ач холбогдолтой. Мөн энэ жил багш нарын хичээлийн 50 дах өдөр болж байгаа. Энэ хүрээнд нэлээн хэдэн ажил зохион байгуулна.
Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг шүү дээ. Танай дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалт хэдэн хувь байна вэ?
Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдалт 79 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 84 хувьтай байна. Одоо удахгүй 2 цэцэрлэг нээлтээ хийнэ.
2015 онд ХУД-ийн боловсролын хэлтсийн хувьд амжилт, бүтээл, олз омог хэр байв?
Нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсүүдийн явуулсан шалгалтаар манай дүүрэг дэд байр эзэлсэн. Аудитын хорооноос хангалттай сайн ажилласан гээд итгэмжлэл авсан . Мөн манай хэлтэс өнгөрсөн оны ажлаа “Бүрэн хангалттай” гэж үнэлүүлсэн.