А.ГЭРЭЛТ-ОД: Чингэлтэй дүүрэг 74000 гаруй мкв ТАЛБАЙГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ болголоо

2016 оны 2 сарын 05

Нийслэлд өнгө үзэмж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй Чингэлтэй дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Одтой 2015 онд хийсэн томоохон ажил, 2016 онд тавьж буй зорилго, зорилтуудын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

-2015 онд Чингэлтэй дүүрэг нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гэж дуулсан.  Шинээр хэчнээн км зам тавьж, ашиглалтад оруулав?

2015 оныг дүүргийн хэмжээнд “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр гэр хорооллын 4 байршилд буюу 12, 13 дугаар хороо, Нарантуул худалдааны төвөөс Хайлаастын зам хүртэлх 0,6 км автозам, явган зам болон Хайлааст Чингэлтэйг холбосон автозамын голд 0,8 км талбайг байгалийн чулуун хатуу хучилттай болголоо.

Мөн төв замаас хороо болгон руу хатуу хучилттай зам тавих зорилт тавин ажиллаж, 16 дугаар хорооны цогцолбор байр хүртэл 0,3 м гудамжийг хатуу хучилттай болгосон. Нийтдээ 2015 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 2 км замыг байгалийн болон бетонон хучилттай болгож ашиглалтад оруулсан. Харин Нийслэлийн автозамын хөрөнгөөр 12 хороо, Дэнжийн мянгын эцсийн автозамын авто замаас үргэлжлүүлэн Гахайн байр өнгөртөл  0.5 км замыг шинээр ашиглалтад орууллаа.

Мөн 2013 оноос дүүргийн нутаг дэвсгэрийн сул шороот талбайг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд байшин, гэр хороололд 74537 мкв талбайг хатуу хучилттай болгосон. Үүнд, 2013 онд 10250 мкв, 2014 онд 20143 мкв, 2015 онд 44144 мкв явган хүний замыг тус тус тавьж, хөрсний бохирдолыг бага ч гэсэн бууруулсан.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад Чингэлтэй дүүрэг харьцангуй гэрэлтэй дүүрэг болсон байсан. Энэ тал дээр танайх ямар ямар ажлуудыг хийж ажиллав?

Манай дүүрэг 2009 оноос дүүргийн нийт гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг эрчимтэйгээр хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд 3-19 дүгээр хороодын 19 байршилд ОНХС-ийн 965,8 сая төгрөгийн хөрөнгөөр 585 ширхэг, дүүргийн төсвийн 873,9 сая төгрөгийн хөрөнгөөр 525 ширхэггэрэлтүүлэг хийгдсэн. Ингэснээр нийтийн эзэмшил, байшин хороолол болон гэр хороололд 9000 орчим буюу 95 хувийн гэрэлтүүлэгтэй боллоо.

-Ногоон дүүрэг хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ. Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудаас та танилцуулахгүй юу?

2014 оноос “Ногоон дүүрэг хөтөлбөр”-ийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан ажиллаж байна.  Энэ нь тухайн жилээс эхлэсэн ажил биш 2007, 2008 оноос хийж эхлүүлсэн. Үүний үр дүнд 2014 онд 6663 мод, 6114 бут сөөг, 49901 амьд хашлага, 120 мкв талбайд цэцэг тарьсан бол 2015 онд 4497 мод, 1524 бут сөөг, 31049 амьд хашлага, 123000мкв талбайд цэцэг тарьлаа. Дүүргийн төвийн хэсэгт зүлэг талбай, мод, хашлага, явган зам, орчны тохижилтууд иж бүрэн хийгдсэн байгаа.

Мөн “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд сургууль цэцэрлэгийн ногоон орчныг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажилласан. Энэ дагуу ногоон байгууламжийн дендропалан зургийг 9 сургууль, 15 цэцэрлэгт гаргаж үүний дагуу бут, сөөг, мод тарилтын ажилд хэлтэс албадуудтай хамтарч сургууль цэцэрлэгийнхээ ногоон байгууламжийг арчлах ажлыг зохион байгуулдаг. Одоо манай дүүргийн сургууль, цэцэрлэгийн гадна орчин бүгд ногоон байгууламжтай болсон.

-Чингэлтэй хайрханыг ойжуулах ажил хэр ахицтай явж байна вэ?

Чингэлтэй хайрханыхаа ойжуулалтыг тогтмол хийж байна. Одоогоор 12000 орчим бут сөөг тарьсан. 2015 онд 5600 гаруй, 2014 онд 3300 гаруй, 2013 онд 3900 орчим мод тарьсан. Ургалтын байдал 70.5 хувьтай явж байгаа. 2014 онд тарьсан модны тооллого хийх, пайзжуулах, дугаарлах ажлууд хийгдсэн байгаа. Мөн цэцэг усалгаа хийн өвөлжилтөд бэлдэж, цахилгааны хангамжийг 380 квт болгон сайжруулан усалгааны системийн хүчин чадлыг сайжруулаад явж байна.

Ер нь бидний одоо барьж буй бодлого олон тоогоор тарих биш, тарьсан мод зүлгээ ургуулах, хамгаалах, арчлах тал дээр түлхүү анхаарал тавин ажиллаж байна.

-Ил задгай хог хаягдал харьцангуй багассан харагдана. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Дүүргийн хэмжээнд хоёр компанитай гэрээ байгуулж, хог хаягдлын тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ”ХХК 1-14 дүгээр хороог, “Наша трейд” ХХК 17, 18, 19 дүгээр хорооны айл өрх, ААН-ын хог хаягдлыг  тээвэрлэж графикийн дагуу айл бүрт хүрч ажиллаж байна. Ингэснээр манай дүүрэг ил задгай, хуримтлагдсан хог хаягдалгүй болсон.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28647
0 эможи
keyboard_arrow_up