УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар Хан-Уул дүүрэгт ажиллалаа
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалт нь 14 цагаас тус дүүргийн Иргэдэд үйлчлэх байрны Төв иргэний танхимд боллоо.
Энэ удаагийн уулзалтаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс санал авахаас гадна иргэдийн асуултанд хариулт өглөө. Харин тус дүүргийн иргэдийн хувьд гишүүдээс Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн ажлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа.
Мөн энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар УИХ-д өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ үйл явцыг хөнгөвчлөх ажлын хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Батбилэгт хүлээлгэн өглөө.
Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журамд зааснаар бол нийслэлийн 9 дүүрэг, аймгуудын Иргэний танхимд саналын хайрцаг байрлуулж, өргөдөл хүлээн авах ба тэдгээрийг 14 хоног тутамд хариуцсан ажилтан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Саналын хайрцаг битүүмжлэлтэй байх, өргөдөлд дурдсан хувь хүний нууцыг задруулахгүй байх үүргийг чиглэл болголоо. Ингэснээр орон нутгийн иргэд өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний танхимд байрлах саналын хайрцгаар дамжуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудлаар өргөдлөө шууд гаргах боломжтой боллоо.