Утааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн өдөрлөг боллоо
Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр “Уушгиа чөлөөлье” аяны хүрээнд утааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэн зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд хүчилтөрөгчийн коктейл үйлдвэрлэгчид, утаа шүүдэг бүх төрлийн шүүлтүүр борлуулагчид, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратууд болон зориулалтын утааны маск гээд уушгиа хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогч 10 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Мөн агаарын бохирдлын хор уршиг хүний биед хэрхэн нөлөөлдөг, түүнээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаар Сонгдо эмнэлгийн эмч С.Нямгэрэл зөвлөгөө өгч , МЗХ-ны дэргэдэх Байгалт орчны байнгын хороон дарга, доктор дэд профессор Ч.Сономдагва агаарын бохирдлын талаарх сонирхолтой судалгаа танилцуулсан юм.
Утаа агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд цэвэрт агаарт тогтмол гарах, амны хаалт хэрэглэж хэвших, амьдарч буй орчиндоо агаар сэлгэлт хийх, хүчилтөрөгчийн хангамж сайжруулах, хордлого тайлах бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг зөв дадал зуршил бий болгох чухал гэлээ. Өдөрлөгт үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид өргөнөөр оролцсон ба утааны зориулалтын маск 1500-80.000, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 800.000-1.000.000, утаагүй зуух 110.000-395.000 хооронд үнэтэй байлаа.
Өнөөдрийн үзэсгэлэн, худалдаанд оролцсон байгууллагууд утааны маск, хүчилтөрөгчийн коктейл үнэгүй тараасан бөгөөд нэг аяга хүчилтөрөгчийн коктейл уухад 4 цагийн турш ой модонд алхсантай тэнцдэг аж. Түүнчлэн хүн өөрт шаардлагатай хүчилтөрөгчийг бүрэн авч байгаа үед аливаа өвчин тусах магадлал 99% буурдаг байна.
Жил ирэх тусам нийслэлийн утаа нэмэгдэн, бүр гамшгийн хэмжээнд тулаад байгааг мэргэжилтнүүд ярьж байна. 2014 оны статистикаар нийт хүн амын 50 орчим хувь амьдардаг Улаанбаатар хотод жилдээ 6,500-7,500 орчим хүн нас бардаг. Эдгээр хүмүүсийн хэд нь агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нас барсан бэ гэдгийг тооцож үзэхэд нас барж байгаа хүүхдүүдийн 130 орчмын нас баралтын шалтгаан нь агаарын бохирдлоос улбаалсан байна. Насанд хүрэгчдийн хувьд 7,000 хүн нас барахад 1,400 орчим нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр нас барсан байна. Тиймээс утаа буурах болов уу, төр засаг юу хийх бол гэж хүлээлгүйгээр утаанаас уушгиа хамгаалах аргад суралцах нь хамгийн зөв зам болоод байна.