Агаарын бохирдол ихтэй үед тогтмол маск зүүж хэвшихийг уриаллаа
Утаа болон агаарын бохирдолд хамгийн их өртдөг, хамгийн их хохирогчид нь хүүхдүүд байдаг байна. Тиймээс утаа, тоос шороо, хог хаягдал гээд агаарыг бохирдуулж байгаа бүх хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах зөв дадлын хэвшүүлэх зорилготой “Уушгиа чөлөөлье” уулзалт, ярилцлага өнөөдөр боллоо.
Тодруулбал, Монголын Залуучуудын Холбооноос “Уушгиа чөлөөлье” аяны хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 24 дүгээр дунд сургуулийн 200 гаруй сурагчдад маск тараан, эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө өглөө. Уг үйл ажиллагаанд МЗХ-ны Дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, У.Басбиш, МЗХ-ны Байгаль орчны байнгын хороон дарга Ч.Сономдагва, МЗХ-ны Хүүхдийн байнгын хороон дарга Р.Шинэгэрэл нар оролцсон бөгөөд агаар бохирдол, утаа нь хүний биед хэрхэн нөлөөлдөг, түүнийг өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар зөвлөмж хүргэсэн юм. Түүнчлэн 24 дүгээр дунд сургууль агаарын маш их бохирдолтой хэсэгт байрладаг бөгөөд сургууль болон гэрлүүгээ явахдаа тогтмол маск зүүж хэвшихийг уриаллаа.
Сурагчид энэ үеэр “Агаарын бохирдол, утаанаас өөрийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг. Бидэнд чиглэсэн сургалт, үр дүнтэй зөвлөгөө, сургалт тогтмол зохион байгуулж байх хэрэгтэй байна” хэмээн ярьж байсан юм.
Мөн өнөөдөр 16:00-16:40 цагийн хооронд Чингисийн талбайд #УушгиаЧөлөөлье 500 хүүхдийн масктай тайван жагсаал болох юм байна.