ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 01 дүгээр сарын 26-ны өдөр болж дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулав.
Уг шуурхайгаар нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр яригдсан асуудал болон өгөгдсөн үүрэг даалгаврын талаар товч мэдээлэл хийлээ. Мөн дүүргийн хэмжээнд тулгамдсан асуудал, ажлын хэрэгжилт, биелэлтийн талаар тус тус хэлэлцлээ.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Засаг даргын Тамгын газар түүний харъяа алба, хэлтсүүд болон Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг сар шинийн баяраас өмнө зохион байгуулах болсон юм.
Тэрээр хүйтний эрч сулрахгүй байгаатай холбоотойгоор дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хороо, хэсгүүд, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, чиглэл өгч ажиллахыг үүрэг болголоо.
Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн байгууллагуудад ус алдах, бусад хөлдөж болзошгүй эрсдлээс сэргийлж, үзлэг хийж, зөвлөж ажиллах үүрэг даалгавар өгсөн юм.