“Буянт-Ухаа 2”-ын 177 захиалагч түлхүүрээ гардав
“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар нийслэлд баригдаж буй хоёр дахь том бүтээн байгуулалт болох “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны 30 барилгыг Улсын комисс хүлээн авчээ.
2015 оны сүүлээр орон сууцны ипотекийн 8 хувийн зээл зогссонтой холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийн үеэр орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг 2016 оны 1-р сард багтаан шийдвэрлэнэ гэсний дагуу ТОСК орон сууцны урьдчилгаа төлбөрөө 30 болон түүнээс дээш төлсөн иргэдтэй нэмэлт гэрээ байгуулан “Буянт-Ухаа 2”-т оруулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 177 захиалагч түлхүүрээ авч байрандаа ороод байгаа юм.
“Төрийн орон сууцны корпораци” 2015 оны 9-р сарын 17-ны өдөр “Буянт-Ухаа 2” хороололд орох хүсэлтэй иргэдийн захиалгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1059 иргэний захиалгыг аваад байна. Үүнээс 30 хувь төлсөн 483, 30-90 хувь төлсөн 311 иргэн байгаа бол 100 хувь төлбөрөө өгсөн 38 өрх байгаа юм.