Гэр хорооллын худгууд 24 цагаар ажиллах боломжтой болов
Гэр хорооллын хэрэглэгчдийг цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор ус түгээх байруудад ухаалаг төлбөрийн систем суурилуулж эхэллээ. Ингэснээр гэр хорооллын худгууд 24 цагаар ажиллах боломж бүрдэж байна.
Иргэд усанд явахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй, картаа уншуулаад усаа авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл худаг онгойх цагийг хүлээхгүй. Мөн худаг амардаг өдөр гэж байхгүй болно. Түүнчлэн нийслэлийн 600 гаруй худаг бүр дээр ус түгээгч ажиллах шаардлагагүй болно гээд олон боломж бүрдэх нь.
Ухаалаг системд шилжүүлсэн ус түгээх газруудад эхний ээлжинд картыг үнэгүй тараах аж. Усны картанд байгаа мөнгө дуусвал банкинд очиж цэнэглүүлэх юм байна.
Энэ жил Баянзүрх дүүргийн 2, 10, 17, 21, 27 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15, 18 дугаар хороо, СБД-ийн 9, 10, 16 дугаар хороо, БГД-ийн 16 дугаар хороонд орших 4600 гаруй өрхийг цэвэр усаар хангадаг худгуудад цахим систем суурилуулна. Ирэх онд бусад хороодын худгийг ухаалаг төлбөрийн системд шилжүүлэх ажил үргэлжлэх ажээ.