Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн ХУДАЛДАН АВАЛТ хийнэ

2016 оны 1 сарын 22
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцов.
Чуулга уулзалтаар "Улаанбаатар хот - хөрөнгө оруулалт 2016", "Ногоон худалдан авалт", "Төр, хувийн хэвшлийн түншлэл", “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, "Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитр", "Хог хаягдлын менежментийг сайжруулах эко парк төсөл", “Эко Улаанбаатар”, "Нийслэлийн концессын худалдан авалт", “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК ба төр хувийн хэвшлийн түншлэл, "Нийслэлийн орон сууцны төсөл, хөтөлбөр, хувийн хэвшлийн оролцоо" зэрэг илтгэлүүдийг танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хот – хөрөнгө оруулалт 2016” илтгэлдээ “Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс нийслэлийн төсвөөр 203.5 тэрбум, Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг, орон нутаг болон улсын төсвөөр 103.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Бүтээн байгуулалтын ажлуудаа хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэж, бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах нь чухал” гэдгийг дурьдлаа.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 203.5 тэрбум төгрөгийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:  
  • Хот байгуулалтын салбар - 59.3 тэрбум төгрөг
  • Авто замын салбар - 55.1 тэрбум төгрөг
  •  Нийгмийн салбар - 31.7 тэрбум төгрөг. Үүнээс боловсролын салбарт 53 цэцэрлэг, 26 сургууль, 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж, 10 цэцэрлэг, 12 сургуулийн их засварын ажлыг 24.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Харин эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгөөр Баянзүрх, Баянгол дүүрэгт 100 ортой эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 200 ортой хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн төвийн салбар пункт, Баянзүрх дүүрэгт 100 ортой амаржих газар барьж, түргэн тусламжийн 10 автомашин худалдаж авахаар төлөвлөжээ.
  • Инженерийн дэд бүтэц - 12.9 тэрбум
  •  Нийтийн тээврийн салбар - 11.3 тэрбум
  • Хот тохижилтийн салбар - 7.5 тэрбум
  • Төр захиргааны салбар - 6.1 тэрбум
  • Бусад 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийнхэнд санал болголоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын захиргаа цаашид төсвөөс мөнгө гаргаж, байшин барилга барих бус хувийн хэвшлээ дэмжиж ажиллахыг зорьж байна. Тодруулбал, хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар хотын дэд төвүүдийг барьчихвал тухайн барилга, байгууламжийг нийслэл 100 жилээр түрээслэх боломжтой” гэдгийг онцоллоо. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж барих зэргийг хот бүхий л талаар дэмжих юм. Өөрөөр хэлбэл, тухайн барьсан сургуулийг хэн нэгэн хувь хүний нэрэмжит болгох, газар олголтыг шийдэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдэгдэв.

Чуулга уулталын үеэр нээлттэй хэлэлцүүлэг явуулж, нийслэлийн удирдлагууд оролцогчдын асуултад хариулт өгөв. Улаанбаатар хотын Худалдааны танхим байгуулагдсанаас хойш аж ахуйн нэгжүүд нийслэлтэй хамтран ажиллахад харьцангуй хялбар, хүнд суртал багатай болсон гэдгийг бизнес эрхлэгчид дуулгалаа. Гэхдээ дунд шатанд гардаг хүндрэл, бэрхшээл их хэвээр байгаад шүүмлэлтэй хандаж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Нийслэлийн зүгээс дунд шатанд гардаг хүндрэлийг арилгах талаар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд газар олгоход гардаг байсан хүндрэлүүдийг бүрэн шийдэж, цахим газар олголтыг эхлүүлсэн. Мөн “Дүнжингарав” худалдааны төвд “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан юм. Нээлтийн өдөр нэг иргэн найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрөл авч, 1000 төгрөгийн үйлчилгээний хураамж төлөөд л асуудлаа бүрэн шийдүүлсэн. Үйлчилгээ авсан иргэд “Үнэхээр ингээд л болчихож байгаа юм уу” гээд итгэж ядах байдалтай байсан. Цаашид яг л ийм үйлчилгээг нэвтрүүлэх нь нийслэлийн зорилт болно. Дараагийн удаад “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг “Мишээл экспо” худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэг “Драгон” төв орчимд байгуулахаар ажиллаж байна” гэв.

“Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтын үеэр Улаанбаатар хотын захиргаа, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, “Баярс констракшн” ХХК, Монголын Аялал Жуулчлалын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28111
0 эможи
keyboard_arrow_up