Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХ-тай хамтран Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон гишүүд, НИТХ-ын ажлын алба, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн төлөөлөл, энэ чиглэлээр судалгаа явуулдаг ТББ-ын төлөөлөл оролцлоо.
УИХ-аас 1993 онд “Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулийг баталж тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулж байсан байна.
Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг баталсан байна. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд НИТХ-аас шашны байгууллагуудтай холбоотой харилцааг зохицуулсаар ирсэн ч цаашид хууль эрх зүйн орчинг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд хэллээ.
Тодруулбал, НИТХ-аас баталсан журмыг агуулга болон нэр томъёоны хувьд шинэчлэх хэрэгцээтэй байгаагаас гадна хэрэгжүүлэх үйл ажиллагааг илүү тодорхой болгох шаардлагатай болжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 296 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас буддын 99, христийн 162, Бөө мөргөлийн 21, католик 7, муслам 2, бахит шүтлэгийн 1, шинто 1, хинди 1, мүүний 2 сүм байдаг байна.
Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийхэд сүм хийд нь галын болон бусад аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараах, аялал жуучлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр монголд түр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд шашны үйл ажиллагаа гардан хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах гэм мэт нийтлэг зөрчил ихээр илэрдэг байна. Мөн ийм зөрчил гаргасан сүм хийдүүдэд хэрхэн, ямар хэлбэрийн хариуцлага тооцох нь тодорхойгүй байсаар байгааг хэллээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд төр, сүм хийдийн харилцааг сайжруулахад салбар бүрийн төлөөллийн саналыг авч нэтгэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид онцолж байна гэж НИйслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.