ЧД-ийн 16 дугаар хороонд бүтээн байгуулалт өрнөнө

2016 оны 1 сарын 21

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга, Өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсгийн байцаагч нар иргэддээ ажлаа тайлагнаж байна.
Энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга, Өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсгийн байцаагч нар 2015 оны ажлаа тайлагнасан юм. Тайлангийн хуралд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тайлангийн хурал нь өнгөрсөн хугацаанд бий болсон ололт, амжилтаа бататгах, алдаа дутагдлаа засч сайжруулахаас гадна цаашид хороо, дүүргээ хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж ярилцдагаараа их бүтээлч болдог билээ. Тайлангийн хуралд иргэдийн идэвхтэй оролцоо чухал байдаг. Учир нь аливаа бүтээлч санал санаачилгыг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулан хэрэгжүүлэх боломж энэ тайлангийн хуралд байдаг. 16 дугаар хорооны тайлангийн хурлын үеэр  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт Улс, Нийслэл, Дүүргийн хөрөнгө оруулалтаар өрнөж буй бүтээн байгуулалт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өгөв. Тэрээр, “Чингэлтэй дүүргээс 2015 оныг ‘’Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллалаа. Тэдгээрээс Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд жишиг авто замтай болсон, 13, 12 дугаар хороог чулуун замаар холбосон зэрэг бүтээн байгуулалтыг дурдаж болно. 2016 онд мөн томоохон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн. Тухайлбал, Хаан банкны уулзвараас Дэнжийн 1000 руу давах хэсгийг байгалийн чулуун замтай болгох, 89-90 дүгээр гудамжны гудамжны цахилгааны хүчдлийг сайжруулах, 150 ортой хүүхдийн цэцэрлэг, сургууль цэцэрлэгийн цогцолбор байгуулах зэрэг томоохон ажлууд хийхээр ажиллаж байна. Цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал хүсэлтээ чөлөөтэй хэлээрэй. Тайлангийн хуралд ирсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд тэр бүгдийг дамжуулан уламжлах болно” гэдгийг хэлсэн юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28073
0 эможи
keyboard_arrow_up