НӨАТ: Цахилгаан хэрэглэгчдэд маргаашнаас эхлэн баримт өгнө
Энэ сарын 1-ний өдрөөс НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой болсон. Зөвхөн НӨАТ-ын хувийг буцаан авах төдийгүй сар бүр сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бүрдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор, УБЦТС ТӨХК-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас маргаашнаас эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгөхөөр болжээ.
Иргэд цахилгааны төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуй нэгжүүд баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон, бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах аж.