Амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР ялгарч, хөдөлгөөнд оролцоно
Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 30, ирэх сарын 6-ны Бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны Ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн газраас хийжээ.
Мөн нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулах талаар Нийслэлийн засаг даргын А/33 тоот захирамж гарсан билээ. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэр гаргасан байна. Иймд та бүхэн татвараа дээрх хугацаанд нь төлөөрэй гэдгийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.