САЙН МЭДЭЭ: Монгол улс АЯЛБАЛ ЗОХИХ ШИЛДЭГ 10 улсын жагсаалтад багтлаа
Беркелэйд харьяалалтай Дэлхийн арлын хүрээлэнгийн төслийг эзэмшигч “Этикал Травелэр” ашгийн бус байгууллагаас жил бүр гаргадаг “аялбал зохих, хөгжингүй 10 орны жагсаалт”-ыг гаргажээ.
Энэхүү жагсаалтыг гаргахдаа улс бүрийг хүний эрх, нийгмийн халамж, амьтан болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр нь оноогоор жагсааж дүгнэсэн байна. Монгол, Гренада, Микронез, Панама, Тувалу зэрэг улс орнуудын хувьд энэ жилийн жагсаалтад анх удаагаа багтаж буй юм.
“Жуулчид аялалд зарцуулахаар төлөвлөж буй төсвөө ирээдүйтэй, хөгжиж буй улс орнуудад зарцуулснаар хүн төрөлхтний түүхийг дэлхий дахинд түгээхээс гадна тэднийг дэмжиж буй хэрэг юм” хэмээн “Этикал Травелэр”-аас гаргасан мэдээлэлд дурджээ.
2016 оны ялагчдыг жагсаавал /англи цагаан толгойн дарааллаар/:
- Капе Верде
- Доминикан
- Гренада
- Микронезийн Холбооны Улс
- Монгол
- Панама
- Самоа
- Тонга
- Тувалу
- Уругвай
“2016 оны жагсаалтад 7 арлын улс байгаа нь өмнөх онуудын жагсаалтад багтсан ялагчдын буухиаг үргэлжлүүлэх ач холбогдолтой байлаа. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт арлын орнуудад маш ихээр нөлөөлж байгаа учраас энэхүү жагсаалт тэдний хүрээлэн буй орчны талаар үр дүнтэй бодлого гаргах чиглэлд нөлөөлөх сайн талтай юм.
Харин эх газрын Азийн улс орнуудаас анх удаа жагсаалтад Монгол улс багтсан нь ихээхэн онцлог, бахархууштай үйл явдал байлаа. Дэлхий дээр аль ч улс төгс байж чадахгүй, гэхдээ илүү сайн, тогтвортой нийгэм байгуулахаар эрмэлзэж буй улс орныг бид хүндэтгэж энэхүү жагсаалтдаа оруулсан” “Этикал Травелэр”-ийн үүсгэн байгуулагч Жефф Грийнволд хэлэв.