“2016 онд БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР авч хэрэгжүүлэх БОДЛОГО чиглэл” сэдэвт уулзалт зөвлөгөөн боллоо
2016 онд боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого чиглэлийг танилцуулж, нэгжүүд үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгах, нэгдсэн арга зүйгээр хангах зорилгоор Боловсролын хэлтсээс санаачлан Дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уулзалт зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Д.Анхбаяр, Боловсролын хэлтсийн хамт олон, төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага дунд ахлах ангийн сургалтын менежерүүд оролцлоо.
Тус уулзалтаар “Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашдын зорилт,Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны сургуулийн зөвлөгөөний үр дүн, Бүс, Дүүргийн зөвлөгөөнийг зохион байгуулах чиглэл, Хөдөө орон нутаг болон гадаадад албан томилолтоор ажилласан сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын тайлан, Бага суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон ярилцлсан юм.
Мөн бага багийн сургалтын менежерүүдийн удирдсан “Залуу багш нараа чадавхжуулж -хамтдаа хөгжье” төслийн багийн тайланг сонсож, тухайн төсөлд хамрагдсан залуу багш нар бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж, туршлагаа хуваалцав.
Уг төслийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, бусдыгаа манлайлан баг хамт олноо амжилттай чиглүүлэн оролцсон 10 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Пүрэвдорж, 15 дугаар сургуулийн багш Ж.Балбармаа, 18 дугаар сургуулийн багш Э.Наранмандах, 41 дүгээр сургуулийн багш Р.Цэрэнбалжир, 52 дугаар сургуулийн багш Б.Сувд-Эрдэнэ, 115 дугаар сургуулийн багш Х.Пүрэвдорж нарыг Дүүргийн Засаг даргын “ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар шагнасан юм.
Түүнчлэн уулзалт зөвлөгөөний үеэр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн Морин хуурын дугуйлангийн авьяаслаг сурагчид болон Залуу багш нарын хамтлаг урлагийн тоглолтоо сонирхуулсан юм.
Мөн БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцож, I шатанд төсөл хэрэгжүүлэх 200 сургуульд шалгарсан Г.Мөнхбаяр захиралтай 32 дугаар сургууль, Д.Төмөрчөдөр захиралтай Монгол тэмүүлэл ахлах сургуулийн хамт олонд Боловсролын хэлтсээс баяр хүргэж, төсөл бичсэн туршлагаас санал солилцов. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатанд оролцох сургуулиудын нэрийг зарлан, төсөл бичих гарын авлагыг захирлуудад хүлээлгэн өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, сургалт зохион байгуулан ажиллахыг Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатарт үүрэг болголоо.
Энэхүү уулзалт зөвлөгөөнөөс 2016 ондоо баг хамт олон сургууль, бүс, дүүргээрээ нэгдсэн нэг бодлого чиглэлтэй ажиллаж, туршлагаа бусдадаа түгээн дэлгэрүүлэх, дагуулан сургах зарчмыг баримтлан сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг чадавхжуулах, хамт олны санаа бодлыг дэмжин хэрэгжүүлэх, санхүүгийн өндөр сахилга баттай ажиллахыг уриаллаа.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
- See more at: http://zasag.mn/news/view/11878#sthash.sSaKQqtk.dpuf