Д.Батбилэг: Төлөөлөгчид урамшууллаасаа татгалзсан нь тэвчиж болох хамгийн том зардал юм

2016 оны 1 сарын 12

Нийслэлийн хүн амын 10 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг. Дүүргийн хөгжил болон энэ онд хийх ажлын талаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.

 



-Хэдийгээр эдийн зас­гийн хямралын тухай ярьсаар байгаа ч улс орны хэмжээнд бүтээн байгуу­лалтын ажлууд тасралтгүй өрнөж буй. Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийнхэн ямар ажил хийж гүйцэтгэв?
-Шувуун фабрикаас Өлзийт хороолол хүртэл  9.6 км авто зам болон дүүргийн хөрөнгө оруулалтаар, 118 дугаар дунд сургуулийн баруун талаас  зүүн тийшээ чиглэсэн  1.2 км авто замыг дүүргээс барьж ашиглалтад оруулсан. Хан-Уул дүүргийн Яармаг хороололд эрчимтэй барилгын ажил өрнөж байна. “Буянт-Ухаа 2” гэсэн том хороолол эхнээсээ ашиглалтад орлоо. Яармагийн гүүрнээс Шувуун фабрик хүртэл 22.5 км замаа ашиглалтад орууллаа. Том магистрал замууд дүүргийн хэмжээнд  бүрэн тавигдсан. Мөн Монголд байтугай дэлхийд гайхагдсан Крилл үсгийн хөшөөг  Болгар улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар босгосон. Дүүргийн найм болон долдугаар хорооны нутаг дэвсгэрийн дунд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа. Мөн нийслэл болон дүүргийн хөрөнгө оруулалтаар гурван сур­гууль, таван цэцэрлэг ши­нээр нээж ашиглалтад оруул­сан. Манай дүүргийн иргэ­дийн ажилч, хөдөлмөрч занг үнэлж, олон хүн төрийн дээд одон, медалиар шаг­нууллаа. Оны сүүлчээр гэхэд л Монгол Улсын Ерөнхий­лөгчийн зарлигаар 99 хүнийг төрийн дээд одонгоор шагнасан.
Швейцарь улсын туршлагаас үзэхэд, орон нутгийн төвлөрлийг жижиг хот болгон хөгжүүлснээр амжилтад хүрсэн байдаг. Тэгвэл ийм жишгээр дүүргийн захын гурван хороо болох Био комбинат, Өлзийт, Шувуун фабрикийг нийлүүлж хот болгохоор төлөвлөсөн. Ингэснээр, ирээдүйд суурьшлын бүсийн тэлэлтэд сайн нөлөө үзүүлнэ.

-Төсвийн эрх мэдлийг орон нутагт бага багаар олгож эхэлж буй нь та бүх­ний ажилд дэмтэй болсон. Ирэх жилийн хувьд хийхээр төлөвлөсөн томоохон аж­лууд юу байна?
-2016 онд Хан-Уул дүүрэг татварын орлогоор 18.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Үүнээс урсгал зардалд 12.6 тэрбум, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтад 1.6 тэрбум, төсөл хөтөлбөрт нэг тэрбум, нийслэлийн төсөвт 3.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан.
Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан 40 төслийг 2.4 тэрбум төгрө­гөөр санхүүжүүлнэ. Иргэдээ дүүр­гийнхээ бүтээн байгуулалтад идэвхтэй оролцуулах зо­рил­­гоор иргэдийн бүлэг байгууллаа. Иргэдийн бүлэг зохион байгуулалтад орж ажил хийхийн тулд өрсөлддөг болсон. “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг төтөлбөр нь үндсэн дөрвөн хэсэгтэй.
Мөн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. “Хүүхэд хамгаалал-хүүхэд хөгжил” төслийг санхүүжүүлэхээр 500 сая төгрөг төсөвлөсөн. Энэ бол бага мөнгө биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд 100 сая, ахмадуудын нийгмийн асуудлыг шийдэхэд 100 сая төгрөг төсөвлөлөө. Ингэснээр, иргэдийн төсөл бичих сонирхлыг бий болгох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Хорооныхоо хэмжээнд  тав, арваараа нэгдээд өөрсдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тө­сөл бичих юм. Төслийг шалга­руулах ажлыг комисс шийднэ. Бидний зүгээс баталсан төс­лийнхөө хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Туул голын дагуу амралт чөлөөт цагийн бүс байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Туул голын сав газрын захиргаатай хамт­ран ажиллаж Туул голын сав газрыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна.
 Дүүргийн алслагдсан 12, 13, 14 дүгээр хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөсөн. Энэ ажилд 900 сая төгрөг зарцуулна.

-Эдийн засгийн хям­ралаас шалтгаалж улс орон даяар зардал хэмнэх болсон. Хан- Уул дүүргийн хэмжээнд тэвчиж болох ямар зардлыг танаж, хэчнээн төгрөг хэмнэсэн бэ?
-2015 онд тэвчиж болох урсгал зардлыг бууруулснаар  570 сая төгрөг хэмнэлээ. Мөн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид урамшууллаасаа татгалзсан нь хамгийн чухал тэвчиж болохуйц зардал болсон.

-Хан-Уул дүүргийн ир­гэ­ний танхим үлгэр жишээ идэвхтэй ажилладаг. Энэ талаар бусад дүүрэгт үлгэр дууриалал болдог хэмээн яригддаг?
-Өмнө нь иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулахад туйлын хүнд­рэлтэй байсан. Иргэний танхи­мын ажилчид хэлэл­цүүлэг, сургалтыг үргэлж зохион байгуулдаг. Иргэдийн хувьд хорооны Иргэний танхимд очиж санал хүсэлтээ хэлдэг болсон. Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагаа хариуцсан нэг мэргэжилтэн бий. Иргэний танхимаар хэлэлцэгдсэн  иргэдийн санал хүсэлтийг дүүргийн ИТХ-аас гарах шийдвэрт тусгадаг. Одоогийн байдлаар “Хан-Уул дүүрэг дүрэмтэй болъё” гэсэн хэлэлцүүлэг явагдаж байна. Хотын дүрэм зохиогдоогүй байхад яагаад дүүргийн дүрэм зохиогддог юм бэ гэсэн шүүмжлэл гарсан. Гэхдээ энэ хэлэлцүүлгийг иргэд өөрсдийн хүсэл, зорилгоор  хийж байгаа юм. Тус  хэлэлцүүлэг нь хороодын хэмжээнд хэлэлцэгдээд дуус­сан. Хүмүүс тэтгэвэрт гараад л гэртээ суудаг байв. Харин одоо эсрэгээрээ иргэн хүний хувьд хорооныхоо асуудлыг шийдвэрлэхэд идэвх­тэй оролцдог боллоо. Сүү­лийн үед Иргэний танхимд  ажиллагсдын  нас залуужлаа. Энэ нь нийгмийн идэвх сэргэснийг харуулж байна. Хороодод  Иргэдийн нийтийн хурлын даргын Орон тооны бус зөвлөлийг байгууллаа. Ингэс­нээр, хороодын Иргэ­дийн нийтийн хурлын даргын ажиллах сонирхлыг идэвхжүүлсэн үйл явдал бол­сон. Нутгийн өөрөө удирдах ёс хаана хүчтэй байх ёстой вэ гэхээр анхан шатанд л хүчтэй байх хэрэгтэй. Анхан шатанд хүчтэй байлгахын тулд Иргэдийн нийтийн хурлын дарга тогтмол цалинтай байх шаардлагатай. Иргэдийн нийтийн хурлын дарга нь хорооны Засаг даргын ца­лингийн  20-30 хувьтай тэн­цэх урамшуулал авах эсвэл авахгүй байж болох ч юм шиг сонин тогтолцоо үйлчилж байна. Дүүргийн Засаг дарга гүйцэтгэх ажлаа хийнэ. Миний хувьд бодлогоо тодорхойлж хяналт тавьж ажилладаг. Энэ зарчмаар л дүүргийн ажил явдаг. Бүх хорооны Иргэний танхимд нэг мэргэжилтэн тогтмол ажилладаг. Ингэснээр, хорооны иргэдийн дунд хэлэлцүүлэг маш амжилттай өрнөдөг юм.

-Дүүргүүдийн  гадаад, дотоод харилцаа гэж бий. Тэр улсын тийм хотын тэр дүүрэгтэй харилцаа тогтоож хамтран ажилладаг гээд л. Хан-Уул дүүрэг гадаад гэлтгүй дотоод харилцааг идэвхтэй хөгжүүлдэг гэж сонссон?
 -Увс аймгийн Хяргас сум, Хөвсгөл, Сүхбаатар аймагтай харилцаа тогтоож хамтран ажилладаг. Мөн ойр орших аймгийн сумдын төлөөлөл  ирж харилцан туршлага судалдаг. Энэ нь манай дүүргийн үйл ажиллагаа тогтмолжсныг илтгэж байгаа хэрэг. Саяхан Завхан аймгийн Шилүүстэй сумын Ардчилсан намын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг  ирж дүүргийн ажил байдалтай танилцсан юм. Хөдөө орон нутагт тэр бүр хэрэгждэггүй олон ажлыг энгийн зүйл шиг хэвшүүлсэн нь орон нутгийн төлөөлөгчдийн гайхширлыг төрүүлсэн.

-Тухайлбал?
-Дүүргийн 16 хорооны Иргэний танхимд 16 ажилтан ажилладаг. Мөн хорооны Засаг дарга болон хорооны Иргэдийн нийтийн хурлын даргын ажлын уялдаа холбоог маш сайн холбож өгсөн. Тэгвэл хөдөө орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгж болох багуудад  мөнгө төсөвлөж чаддаггүй байна. Орон нутагт иргэдийн хэлэлцүүлэг зохион байгуулахад маш төвөгтэй. Иргэд нь бүрэн цуглахгүй эсвэл хамаатан саднаа оролцуулах, намчирах зэрэг асуудал байнга гардаг нь ажил урагшлахад ихээр саад болдог.

-Нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авсан байна. Аль газрыг ямар зорилгоор хамгаалалтад авсан бэ?
-Манай дүүргийн онцлог нь гадаадын төлөөлөгчдийг угтан авч, үдэн гаргадаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нууц товчоо”-нд гардаг Ван ханы Туулын хар шугуй дахь туурийг Сонгинын булангаас олж тогтоон орон нутгийн хамгаалалтад авсан. Мөн төрийн хамгаалалтад оруулахаар саналаа дээш нь өргөн барьсан юм. 10 дугаар хорооны нутагт орших газрыг иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон хөгжүүлэх зорилгоор орон нутгийн хамгаалалтад авлаа. Мөн  Өлзийт хорооллын далан дагаж морь уралддаг байсан газрыг аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор орон нутгийн хамгаалалтад авсан. Энэ газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Учир нь Монгол Улс маш эрчимтэй хөгжиж байна. Ер нь Өлзийт хороололд байгаль орчны чиглэлээр олон ажил хийнэ.

-Та Хан-Уул дүүргийн Ард­чилсан намын дарга хүн. Ардчилсан хувьсга­лын партизаны нэг. Дүүргийн ИТХ-ын төлөө­лөгчөөр Ард­чилсан намын хэдэн ги­шүүн сонгогдон ажиллаж байна вэ?
-Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын сонгуульд Ардчилсан нам 2008 оныг хүртэл олонхи болж чаддаггүй байв. Харин сүүлийн хоёр удаагийн  орон нутгийн сонгуульд олонхи болж Ардчилсан намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн  ажиллаж байна. 2012 оны Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуульд  Ардчилсан намын  29 гишүүн сонгогдож дийлэнх олонхи болсон. МАН-ын дөрөв, МАХН-ын хоёр ИТХ-ын төлөөлөгч бий. Дүүргийн иргэдийн хурал 35 төлөөлөгчтэй. Олуулаа ялахад сайн давуу тал бий. Бүлгийн хурлаар бүх шийдвэрийг хэлэлцэж баталдаг. Би 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцож явсан хүний нэг. Аливаа асуудлыг намын Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Намын хамт олон маань эв нэгдэлтэй байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27672
0 эможи
keyboard_arrow_up