“УЛААНБААТАР ХУДАЛДАН АВАЛТ - 2016” бизнес чуулга уулзалт энэ сарын 20-нд болно
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах юм. Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:30, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.