Мадари Акош: Биокомбинатыг шинэчлэхэд Унгар 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно
Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Улаанбаатар хот дахь Унгарын Элчин сайдын яам 2006 онд хаагдсан ч өнгөрсөн оны тавдугаар сард дахин нээсэн нь ойн хүрээнд хийсэн нэг том ажил байсан юм. Энэ удаад хоёр улсын харилцаа шинээр хэрхэн сэргэж байгаа талаар Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акошийг урьж ярилцлаа.
-Таныг 20 гаруй жилийн өмнө Монгол дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан тухай сонссон. Анх монгол хэл яаж сурсан, манай оронтой хэрхэн холбогдсон талаар сонирхуулахгүй юу?
-Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төссөн. Их сургуульд сурч эхэлснээсээ хойш Монгол хэлийг сонирхож, судалж эхэлсэн юм.
1992-1997 он хооронд БНУУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд анхны дипломатын ажлыг хийж байлаа. Дараа нь Европын холбоо болон түүнтэй холбоотой байгууллагуудад ажиллаж байгаад Монголд суух Элчин сайдаар томилогдож ирсэн.
-Багагүй хугацаанд завсарлаад байсан хоёр орны харилцааг эргэн сэргээхэд Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Хэдийгээр харилцаагаа сэргээж байгаа ч одоо ямар төвшинд харилцаатай байна?
-Унгар улс. Элчин сайдын яамаа хаасан нь том алдаа байсан. Өнгөрсөн жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиосон. Энэ хүрээнд Унгарын Засгийн газраас Элчин сайдын яамаа нээх дахин шийдвэрийг гаргасан.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Ерөнхийлөгч Адер Яноши, тавдугаар Гадаад хэргийн сайд Петер Сияяарто Монголд айлчилсан. Үүний дараа манай парламентын гишүүд ирсэн. Мөн Монгол, Унгарын хамтарсан эдийн засгийн комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулсан. Унгар нь Монгол Улстай сайн харилцаатай явсаар ирсэн гэдгийг онцлон хэлмээр байна.
Одоогийн байдлаар бид эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Элчин сайдаар томилогдож ирснээс хойш төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Монгол Улсын иргэдийн гадаад паспортыг олон улсын стандартад нийцсэн чигтэй болгож боловсронгуй болгох ажлыг манай улс хийх гэж байна. Тиймээс ирэх сараас эхлэн олон улсын стандартад нийцэхүйц паспортыг хийж эхлэх юм.
Ирэх 10 жилийн хүрээнд Монгол иргэдийн гадаад паспортыг шинэчилнэ. Бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа. Ялангуяа, Унгар сүүлийн 20 жил техник, технологийн тал дээр хүчтэй болсон. Хэдийгээр Унгар нь ашигт малтмал болон түүхий эдээр ядуу ч техник, технологи их өндөр хөгжиж чадсан.
Герман Улстай харьцуулахад манай техник, технологи ижил төвшинд хүрсэн. Харин үнийн хувьд Унгарынх харьцангуй хямд гэж болно. Мөн инженер, байшин барилга барих технологи, тоног төхөөрөмжийн тал дээр маш чанартай. Тиймээс эдгээр салбарт хамтрах бүрэн боломжтой юм. Мөн усны салбарт хамтрах талаар ярьж байгаа.
-Тухайн үед Биокомбинатыг Унгарын тусламжтайгаар барьсан түүхтэй. Сүүлийн үед үүнийг дахин сэргээж, ажиллуулах тухай ярьж байгаа гэсэн. Энэ талаар?
-Одоо Биокомбинатыг шинэчлэн ашиглах талаар ярилцаж байгаа. Үүний дагуу Биокомбинатыг шинэчлэх ажилд манай Засгийн газраас 25 сая ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээлийг олгох юм.
-Унгарын Ерөнхийлөгч айлчлах үеэр хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтрах нөөц боломж байгаа талаар хэлж байсан. Монгол орон олон сая малтай бол Унгарт газар тариалан, хөдөө аж ахуйн техник, технологи өндөр хөгжсөн байдаг. Хамтрах боломж хэр байна. Энэ талаар судалж үзсэн үү?
-Боломж байгаа. Унгарт хөдөө аж ахуйн технологи сайн хөгжсөн. Манайх шилмэл, сайн үүлдрийн үхэр тэжээдэг. Унгарын төрөл бүрийн үүлдрийн үхрийг Беларусь, ОХУ, Украин, Казахстан руу экспортолдог. Мөн Монголын нөхцөлд дасах чадвартай ургамлыг экспортолж болно.
Унгарт хөдөө аж ахуйн технологи сайн хөгжсөн.
Тухайлбал, наранцэцэг, эрдэнэ шиш болон хатуу уур амьсгалд дасах чадвартай олон төрлийн ургамлыг манайд ургуулдаг. Бид Казахстан, Украин, ОХУ руу энэ төрлийн ургамлуудыг нийлүүлж байна. Тиймээс энэ бүхнийг Монголд экспортлох боломж бий.
-Мөн Унгарт аж үйлдвэр тэр дундаа хөнгөн үйлдвэр өндөр хөгжсөн. Манай улсын хувьд ч энэ салбарт хамтрах, туршлага судлах хэрэгцээ байгаа?
-Ер нь жижиг үйлдвэрээс эхлээд том үйлдвэрүүд байгуулах төрөл бүрийн технологи болоод боломж бий. Саяхан Унгараас нэг сая ам.долларын үнэтэй сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлсэн.
Түүнийг ашиглаад Унгарт үйлдвэрлэж буй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон байгаа. Энэ мэтчилэн олон салбарт хамтрах боломж бидэнд байна.
-Одоогоор Монголд Унгарын 10 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Энэ үйлдвэрүүд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Эдгээр компани янз бүрийн салбарт хамтран ажилладаг. Тухайлбал, барилга, худалдаа, инженер технологийн салбарыг нэрлэж болно. Мөн Унгараас хүнсний бараа экспортлоход бэрхшээлтэй байдаг. Үүнд мэдээж газар зүйн байршил нөлөөлдөг. Ер нь бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх хамгийн хялбар зам нь төмөр зам. Галт тэргээр тээвэрлэсэн бүтээгдэхүүн Оросоор дамжин Монголд ирэх маршрут байгаа.
Харамсалтай нь одоо Орос Улс Европын холбоотой сайн харилцаатай биш учраас дамжин өнгөрөх зөвшөөрлийг Орос Улс өгдөггүй. Хүнсний бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх боломжгүй байдаг гэж болно. Харин бусад бараа бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлж болно. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг зөвшөөрдөггүй. Хэрэв Европын холбоо Орос улсын харилцаа сайжирвал энэ асуудлыг эергээр шийдэх боломжтой.
-Өнөөдрийн байдлаар Монгол, Унгарын худалдааны эргэлт ямар хэмжээтэй байна?
-Хоёр улсын худалдааны эргэлт жилд 12 сая ам.доллар байна гэсэн мэдээлэл бий. Энэ бол маш бага тоо. Мэдээж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж байгаа. Унгараас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн 99 хувийг эзэлдэг. Харин бид заавал Монголоос бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьж байна. Одоогоор Монголоос зөвхөн түүхий эд, ашигт малтмал гаргаж байгаа ч бид Монголд мах махан бүтээгдэхүүнийг олон улсын стандартаар боловсруулах тал дээр туслалцаа үзүүлэх саналтай байгаа.
-Унгарын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэд хэдэн гэрээ хийсний нэг нь Монгол оюутнуудыг Унгарт сургах асуудал байсан. Өмнө нь жил бүр манай улсаас 15 оюутан суралцдаг байсан бол одоо жилд 100 оюутан сургахаар болсон. Монгол оюутнууд ихэвчлэн ямар чиглэлээр суралцаж байгаа бол?
-Өнгөрсөн жил хоёр улсын Боловсролын яам хооронд хамтарсан гэрээ байгуулсан. Үүний дагуу хоёр жилийн хугацаатай 2015-2017 оны хооронд жилд тус бүр 100 оюутан Унгарт суралцах боломжтой болж байгаа юм. Өнгөрсөн жил 76 оюутан суралцахаар явсан.
Харин энэ онд дахин 100 оюутан суралцах юм. Монгол оюутнууд гуравдугаар сар хүртэл Унгарт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож, хамрагдах боломжтой.
Монгол оюутнууд гуравдугаар сар хүртэл Унгарт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож, хамрагдах боломжтой.
Шаардлагатай бүх мэдээллийг манай Элчин сайдын яамны албан ёсны фейсбүүк хаягаар авч болно. Оюутнууд суралцах хүсэлтээ шууд цахим хэлбэрээр Унгар талын байгууллага руу явуулах хэрэгтэй.
Нөгөө талаас Монголын БСШУЯ-руу материалаа явуулж, холбогдох шаардлагатай. Энэ оюутнуудаас 15 оюутныг таван жилийн хугацаагаар их, дээд сургуульд суралцуулах боломжоор хангах юм. Харин үлдсэн 85 оюутан мэргэжил дээшлүүлэх болон магистрантур, доктрантурт 2-4 жилийн хугацаатай сурах юм.
Монголоос БСШУЯ, Унгарт суралцах оюутнуудын мэдээлэл бүхий жагсаалтыг гаргаж, Унгарын тал руу явуулах ёстой. Дараа нь Унгарын их, дээд сургуулиуд Монгол оюутнуудыг ямар чиглэлээр сургах сонголт, шийдвэрээ гаргана. Ер нь төрөл бүрийн салбар, чиглэлээр сурах боломжтой. Би энэ талаар Боловсролын яамны мэргэжилтнүүдтэй ярилцсан.
Ингэхдээ заавал Монголд хэрэгцээтэй, эрэлттэй байгаа эдийн засаг, инженер зэрэг мэргэжлээр сургах хэрэгтэйг хэлсэн. Түүнчлэн хөдөө аж ахуй, малын эмч, инженер технологи, геологийн инженерийн чиглэлээр сургах хэрэгтэй гэдэг саналаа дурдсан. Унгарын их, дээд сургуулиуд чанартай боловсрол эзэмшүүлдгээрээ онцлог байдаг.
-Олон жилийн өмнө танай улсад Унгар, Монголын нийгэмлэг байсан гэж дуулсан. Энэ нийгэмлэг одоо байдаг уу. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-Ийм нийгэмлэг Монгол, Унгар улсад аль алинд нь бий. Ялангуяа, энд Унгарт төгсөгчдийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Унгарт төгссөн оюутнуудаар дамжин Унгар, Монголын найрсаг харилцаа үргэлжилж байгааг хэлэхэд таатай байна. Унгарт төгсөгчдийн холбоонд 400 гаруй хүн байдаг.
Мөн Улаанбаатарт унгар хэл сонирхдог, энэ хэлээр ярьдаг олон Монгол бий. Хоёр орны ард түмний найрамдалт харилцаа олон жилийн турш сайхан үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байдаг. Түүнчлэн улс төрийн салбар дахь Монгол Улсын санаачлагыг бид бүрэн дэмжиж ирсэн. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн комиссын гишүүн орон болохыг Унгар бүрэн дэмжиж байсан. Унгар улсын санаачлагыг ч Монгол Улс дэмжиж байдаг. Ер нь хоёр улс НҮБ-д бие биеэ дэмжиж байдаг. Унгар, Монгол Улстай хэзээд ямар ч асуудалгүй, сайн харилцаатай байсан гэдгээрээ онцлог.
-Монгол, Унгар угсаа гарлын хувьд нэг гэсэн яриа хүртэл байдаг шүү дээ?
-Тийм ээ. Унгарт шинэ төрж байгаа хүүхэд монгол хүүхэдтэй адил хөх толботой. Унгар хүүхдийн хөх толбо нь хэдэн сарын дараа алга болдог.
-Одоогийн байдлаар Монголд ажиллаж, амьдарч буй хэдэн Унгар иргэн байна вэ. Мөн Унгарт сурч, ажиллаж буй монголчуудын талаар сонирхож байна?
-Энэ талаар тодорхой тоо байхгүй байна. Ойролцоогоор 40 орчим унгар иргэн Монголд байгаа. Зарим нь энд хувийн компанид ажилладаг, Монгол эхнэртэй болон сургуульд сурч байна. Мөн Монголд байнга ирдэг унгар хүмүүс бий. Харин Унгарт одоогоор 1000 гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч байна.
-Унгарын Элчин сайдын яам нээгдээгүй байхад монголчууд яам болон Бээжин дэх Элчин сайдын яамнаас виз хүсдэг байсан. Элчин сайдын яам нээгдсэнээр виз хүсэх үйл явц харьцангуй хөнгөрсөн байх. Мөн визийн хөнгөлөлтийн тухайд хоёр улсын хооронд ярьж байгаа зүйл бий юү?
-Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас виз олгож эхэлсэн. Саяхан хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзаж, визийн хөнгөлөлтийн тухай ярилцаж, санал солилцсон. Одоогийн байдлаар визийн асуудлыг яаж боловсронгуй болгох тухай ярианы төвшинд явж байгаа.
-Ойрын үед Унгарын талаас Монголд хийхээр төлөвлөсөн айлчлалууд байгаа гэсэн. Айлчлалаар ямар асуудал ярилцаж, шийдэх вэ?
-Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24-26-нд Монголд айлчлал хийнэ. Мөн долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулах АСЕМ-ын чуулганд ирж оролцохоор төлөвлөсөн. Энэ удаагийн айлчлалын хүрээнд манай Гадаад хэргийн сайд, зарим яамны сайд болон бизнес эрхлэгчид ирэх төлөвтэй байгаа.
Айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцоно. Ер нь хоёр улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгаа гэж Элчин сайдын хувьд үзэж байгаа. Үүний нэг хэсэг болох зарим төсөл хөтөлбөрийг илүү боловсронгуй болгох тал дээр бид ажиллаж байна. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх баримт бичгүүдийг боловсруулж байгааг хэлэхэд таатай байна.