ХУД-ийн Газар тариалан эрхлэгчид Солонгос улсад сургалтад хамрагджээ
Хан-Уул дүүрэгтэй эгч дүүгийн харилцаатай БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман суманд тус дүүргийн Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л. Саруултуяа болон газар тариалан эрхлэгч 8 иргэн 2015 оны 12-р сарын 06-28-ны өдрүүдэд “Газар тариалангийн технологийн болон туршлага судлах, дадлагажих сургалтад амжилттай хамрагдаад ирлээ.
Энэхүү сургалтаар Солонгос улсын газар тариалангийн хөгжил, техник технологийн дэвшил, хүлэмжийн тариалалтыг тариаланчид өөрсдөө үзэж судлах боломж олгосны зэрэгцээ Солонгос улсын түүх соёл, амьдралын хэв маягтай танилцсан байна. Сургалтыг БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын Хөдөө аж ахуйн сургалтын төвийн багш мэргэжилтнүүд онол, практик хослуулан сонирхолтой хичээлүүдийг заасан аж.
Энэ удаагийн зохион байгуулсан сургалт нь газар тариалангийн үйлдвэрлэлд Солонгос улсын газар тариалангийн орчин үеийн дэвшилтэт технологи болон одоо ашиглагдаж байгаа хүлэмж усалгааны техник технологийг нэвтрүүлэх, хөрс судлал, ургамал хамгаалал, нарийн ногооны тариалалтын үр ашгийг дээшлүүлэх мэдлэг олгож, газар дээр нь үзүүлж чадсан сургалт болсон гэж талууд дүгнэж байна.
Суралцагсад дүүргийн Засаг дарга Ж. Ганхуяг болон бусад албаны хүмүүстэй уулзаж сургалтаар олж авсан мэдлэг, өөрийн газар тариалангийн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлын талаар сонирхолтой асуулт хариулт өрнүүлэн, цаашид авч хэрэгжүүлж болох ажлуудыг хөндөн ярилцлаа.
Түүнчлэн Солонгос улсын газар тариалангийн хөгжлөөс туршлага судалж, олон зүйл шинээр мэдэж, хэрэгжүүлж болох шинэ санаануудыг өвөртлөн эх орондоо амжилттай хүрэлцэн ирснээ төлөөлөгчид ийнхүү албаны хүмүүстэй уулзахдаа илэрхийллээ.