“УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ - 2016” БИЗНЕС ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 20-НД БОЛНО
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт - 2016” бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын түншлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд, худалдан авалт, шилэн тендер, “Найрсаг Улаанбаатар”, “Ухаалаг Улаанбаатар” зэрэг илтгэлийг танилцуулна. Харин салбар хуралдаанаар хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.