Ё.ГЭРЭЛЧУЛУУН: ХОТЫН АМЬДРАЛД УЛС ТӨР ХЭРЭГГҮЙ, ТЭНД САЙН МЕНЕЖЕР ХЭРЭГТЭЙ

2016 оны 1 сарын 06

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунтай ярилцлаа.

 

-Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ирэх долоо хоногоос ажиллаж эхэлнэ. Одоогоор туршилтын маягаар ажиллаж байгаа юм байна. Энэ төвийг Э.Бат-Үүл дарга “Төрийн үйлчилгээний супермаркет” гэж тодотгоод буй?

-Адилтгаж хэлсэн л дээ. Гурван жилийн турш бэлтгэсэн нүсэр ажил шүү дээ. Өнөөдрийн байдлаар энд 21 байгууллагын 400 гаруй үйлчилгээ үзүүлж байна. 400 гаруй үйлчилгээний хүсэлтийг хүлээж авахаас шийдвэрлэх хүртэлх бүх процесс нь яаж явдаг зургийг нь гаргаад, тухайн зургаа программчилсан. Манайхан өргөдөл хүлээж авах юмыг л нэг цэгийн үйлчилгээ гэж хараад байдаг. Энэ бол тийм биш. Та энд ирээд хүсэлтээ өгөөд бүртгүүллээ. Таны асуудал зургаан хүнээр дамжиж шийдвэрлэгдэх байлаа гэхэд зургуулантай нь уулзах гэж цаг авч, үүдэнд нь хүлээж суух хэрэггүй болж байна.

Э.Бат-Үүл дарга яагаад супермаркет гэж хэлэв гэхээр хүлээж аваад тодорхой хэмжээний хураамж авсан л бол тэр асуудлыг нь шийдэх ёстой гэсэн үг. Дэлгүүрт мөнгөө төлсөн бол бараагаа авч байж л салдаг. Төрийн албан хаагчдын үүд сахиж суух асуудал байхгүй боллоо. Тэдний зан аашаас хамаарсан зүйл үгүй болж байна. Энэ төвөөр орж ирээгүй өргөдлийг ямар ч дарга шийдвэрлэж болохгүй болчихож байгаа юм. Танил хүн дээрээ ороод арын хаалгаар шийдвэрлүүлчихдэг гэдэг асуудал байхгүй болж байна. Энд хүлээж авсан цаг, минут, шийдвэрлэсэн цаг, минут, аль шатанд хэн шийдвэрлэсэн бэ гэдгийн цаг, минут гээд бүх зүйл нь байж байгаа юм. Тэр үүднээс төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, асар том ажлын эхлэл болж байгаа байхгүй юу. Төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа том хувьсгал гэж ойлгож болно.

-Улаанбаатар хотод сүүлийн хэдэн жил нэлээд шинэлэг, шинэ зүйл нэмэгдэж, хөгжиж байна. Одоо Улаанбаатар метро, Туулын усан сан цогцолбор, Туулын хурдны зам, нийслэлийг хийн түлшээр хангах, экологийн коридор байгуулах гээд олон төсөл яригдаж байгаа?

-Эдгээр бол бүгд бүтээн байгуулалтын том төслүүд. Засаглалын хүрээнд маш олон ажил хийсэн байгаа шүү дээ. Налайх, Багануурыг хот болголоо. Урьд нь дээд байгууллага нь аваад хот байгуулах эсэхийг нь шийддэг байсан. Заримдаа дүүрэг гээд нэрлэчихнэ, заримдаа хот гэчихнэ. Ерөөсөө учраа олдоггүй байсан. Хот гэдэг бол засаг захиргааны нэгж биш. Хот бол хамтран амьдарч байгаа хүмүүсийн олонлог. Тэр коммунити өөрсдөө яаж амьдрах вэ, юу хийх вэ гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Энэ үүднээс хот гэдэг чинь улс төрийн нөлөөлөл байхгүй, хотын амьдралд улс төр хэрэггүй, тэнд сайн менежер хэрэгтэй байхгүй юу.

Яг үүнийг хийхийн тулд бид сая Багануур, Налайхыг хот болгоод Хотын захирагчийг нь сонгосон асуудал бол Улаанбаатар хотод хийгдэж байгаа шинэчлэлийн нэг том утга учир. Өөр чухал асуудал бол иргэний оролцоо. Өмнөх дарга ингэж иргэдтэйгээ ойр ажиллаж байсан юм уу. Би хувьдаа үгүй болов уу гэж бодож байна. Э.Бат-Үүл даргын үйл ажиллагаа, ил тод байдал, шилэн данс энэ бүхэн бол эргээд иргэдээ л мэдээллээр хангах явдал.

Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкин гэж хүн бий. Бид зөвлөлдөх санал асуулгынхаа эхнийхийг нь хийсэн, дээр дурдсан бүтээн байгуулалтыг эрэмбэлэх асуудлаар. Иргэддээ эхлээд мэдээллийг нь өгдөг. Тэрнийхээ дараа асуудаг. Тэгэхээр иргэн хүн бодитой, барьцтай, сэтгэл хөдлөлгүйгээр саналаа өгсөн. Миний бодлоор Монголын улс төрийн амьдралд байгаа олон асуудлыг шийдэх нэг арга зам бол зөвлөлдөх санал асуулга мөн гэж үзэж байна.

Засаглалаа сайжруулж, түүнийг иргэд рүүгээ чиглүүлж, иргэдийн оролцоо бодитой болох л юм бол Монгол Улс ардчиллынхаа замаар цааш тогтвортой хөгжих үндэслэл байгаа байхгүй юу. Түүнээс биш нэг даргыг нөгөөгөөр нь солиод ч юм уу, эсвэл сайн хүн гарч ирээд засна гэж байхгүй. Засаглалыг орон нутгийн түвшинд сайжруулах ёстой байхгүй юу. Миний хатуу үнэмшил бол тэр. Сүүлийн үед тийм биш болоод байна. Засгийн газар, Улсын их хурал маань буцаагаад эрх мэдлээ авах гээд байгаа байхгүй юу. Төвийн асуудал хүндрэхээр орон нутгийн төсөв, татварыг нь авах гээд, одоо бүр өмчийг нь авах гэж үзээд байна. Энэ бүхэн чинь асуудлыг шийдэж байгаа биш. Улам хүндрүүлж байгаа байхгүй юу. Улам л ужигруулж байна. Нутгийн өөрөө удирдах чадварыг хэдий чинээ хөгжүүлж чадна, төдий чинээ улс тогтвортой байна. Яагаад гэвэл олон төвтэй болж байна шүү дээ. Нэг нь хөгжиж байхад нөгөөх нь уруудвал түүндээ туслах гээд харилцан бие биенээ нөхнө. Тэгтэл эдийн засаг хүндрэнгүүт нэгтгэх гээд, цөөлөх гээд, хасч танах гээд байгаа нь маш буруу. Тийм учраас Улаанбаатар хотод хийгдэж байгаа засаглалаа шинэчилж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж байгаа ажлын эсрэг талд төр том бодлогоороо эргээд хумих гэж байгаа нь хэцүү.

-Төвлөрлийг сааруулахын тулд хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлэхээр болсон. Энэ асуудал ямар шатандаа явна вэ. Өдийд барилгын ажил нь эхэлчихсэн байх ёстой байсан бил үү?

-Хотын захиргааг тус дүүрэгт шилжүүлэх асуудалд өнгөрсөн хугацаанд маш их ажил хийгдсэн. Газрыг нь чөлөөлчихсөн, ажлын зураг нь хийгдчихсэн, Улсын экспертизээр орчихсон, үнэ өртөгийг нь тохирчихсон. Одоо барилгын ажил эхлэхэд бэлэн болчихсон байгаа. Хамгийн гол нь гүйцэтгэгчээр орсон Солонгосын компани маань эдийн засаг хүндрэлтэй байна, Монголын эдийн засаг тогтворгүй байна, бид жаахан харзнана гээд цаг алдаад байна. Бид тэдэнд “Та нар ойрын хугацаанд ажилдаа орохгүй бол бид гэрээ цуцлаад дараагийн асуудалд орно” гэдгээ мэдэгдсэн. Яагаад гэвэл гэрээний дагуу зургаан сар өнгөрчихөөд байгаа юм. Түүнээс биш ажил хийгээгүй биш, хийсэн. Зөндөө ажил хийгдчихсэн байгаа. 50 мянган м/кв талбайтай барилгын бүх ажлын зураг бэлэн болчихсон байна. Барилга барьдаг хүмүүс үүнийг мэднэ. Барилгын хамгийн хэцүү ажлаа ардаа хийчихсэн. Одоо барих л асуудал үлдчихээд байна.

-Та нийслэл хот, Улаанбаатар хот гэдэг бол хоёр өөр ойлголт гэж байсан?

-Тийм шүү дээ.

-Бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэж хамтад нь ярьдаг?

-Монгол Улсын нийслэл гээд ард нь Улаанбаатар биш байж болно шүү дээ. Үндсэн хуульд тэгээд биччихсэн байхгүй юу. Гэтэл хэзээ нэгэн цагт нийслэлээ Хархорин руу нүүлгэлээ гэвэл Монгол Улсын нийслэл Хар хорин хот гэж бичнэ. Нийслэл гэдэг бол засаг захиргааны нэгж. Улсын төр засаг төвлөрөн байдаг ийм засаг захиргааны нэгжийг нийслэл гэдэг. Хот гэдэг чинь засаг захиргааны нэгж биш. Хүмүүс төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотод та бид хамтран амьдраад, хөгжлийн нэг бодлогоор, нэг ерөнхий төлөвлөгөөгөөр өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохион байгуулаад л явдаг. Үүнийг л хот гэдэг. Ямар сайндаа хот бол өөрийн дүрэмтэй гэж бид яриад байгаа нь тэр. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Хэрвээ нийслэл өөр хот болчихвол тэнд л уг хууль үйлчилнэ. Нийслэл өөр хот болохгүй гэх баталгаа байна уу.

-Нүүлгэх тухай нэг хэсэг хүчтэй яригдсан?

-Яригдахаар барах уу, сая хүртэл МАН-ынхан Улаанбаатараас нүүцгээе гээд баахан юм ярьсан. Бүр 2003, 2004 оны үед УИХ дээр Ажлын хэсэг хүртэл байгуулагдаж байсан удаатай. Тийм учраас Улаанбаатар улсын нийслэл байх нь мөнхийн асуудал биш. Гэвч хот гэдгээрээ хэзээ ч байна шүү дээ. Казахстаны нийслэл Алмата байснаа Астана болсон. Гэхдээ Алмата хот байдгаараа л байгаа. Тэр үүднээс хот гэдэг бол бие даасан өөрийн гэсэн удирдлагатай, өөрийн гэсэн бодлого, дүрэмтэй байх ёстой.

Харин энэ хотыг нийслэл болгохын төлөө Улаанбаатар хотод мөнгө өгөх ёстой байхгүй юу, төр засгаас. Гадны орнуудад тэгдэг. Нэмэлт ачаалал бий болгож байгаа учир та нарт улсын төсвөөс мөнгө өгнө гэдэг. Ийм хөрөнгийн дэмжлэг байдаг. Жирийн хотын иргэнд хот нь нийслэл байх ямар ч хэрэггүй. Сайхан эрүүл агаартай, эрүүл хотод, хөрөнгө орлоготой, аюулгүй амьдарч байвал боллоо шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотод нийслэл гээд ачаалал өгчихөж байна. Зам харгуйг нь хаагаад, хурал зөвлөгөөн хийгээд харуул хамгаалалт гаргачихдаг. Зарим оронд нийслэлээ болгосон хотдоо төсвийн дэмжлэг үзүүлдэг. Нийслэлийн ачааллыг та нар үүрч байгаа учраас дэмжиж байна гэдэг. Манайд харин өгөх байтугай аваад л байдаг.

-Нийслэл хот маань албан татвартай болсон. Дэлхийн томоохон нийслэлүүд энэ байтугай олон татвартай байдаг гэдэг шүү дээ?

-Үүн дээр шүүмжлэлтэй л юм ярья. Бид 400 орчим сая төгрөгийн зарцуулалт хийгээд 13 тэрбум төгрөгийн татвар хураана гэж тооцсон. Хотын татвараа авахын тулд бүх газруудаа кассын машинтай болгох хэрэгтэй. Гэтэл кассын машин тавих гэнгүүт л кассын машин шахах гэж байна гээд л нэгнийхээ хийж байгаа юмыг нөгөөх нь гутаадаг хандлага асар их байна. Хотын татварын албыг цөөлнө, цомхотгоно ч гэж байх шиг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын өөрийнх нь бие даасан хөгжлөө шийдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхгүй байна. Хэрвээ нэмэгдүүлбэл Улаанбаатар хот бол маш амархан бие дааж, хөл дээрээ босох эдийн засгийн потенциалтай гэдгийг бид өнгөрсөн гурван жилд харлаа. Зөвхөн 2015 онд гэхэд бид улсын хэмжээнд хөрөнгө оруулалт муутай, хямралтай, төсвийн орлого нэг их наядаар тасарчихсан байхад бүтээн байгуулалтын ажлаа урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр хийсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгосон. Улаанбаатар хот 30 хувийг нь хийгээд компаниуд 70 хувиа гаргаад замаа барьчихлаа. Бид тэр хүмүүсийн мөнгийг энэ ондоо өгнө. Хувийн хэвшлийн хөрөнгийн эх үүсвэрийг хотынхоо хөгжилтэй уялдуулаад татах механизмыг хийчих юм бол манайханд асар их хэмжээний бололцоо байгаа. Ингэж хамтарсан төсөл хийвэл хотын төсвийн нэг төгрөг чинь таван төгрөгийн хөрөнгө оруулалт болж өсч байна. Ийм механизмыг бид маш сайн ашиглаж хөгжих ёстой. Үүнийг хийж чаддаггүй байснаа 2015 онд амжилттай хийлээ.

-Цахимаар газар өмчилдөг болсноос хойш газрын албад авлигын хэрэгт холбогдох нь багассан гэсэн судалгааг үзүүлдэг?

-Заавал нэг Газрын албаны даргыг таньдаг, нэг дүүргийн Засаг даргыг таньдаг байж байж газар авдаг гэсэн хуучин ойлголт өнгөрөөд удаж байна. Одоо тэр цахимаар газар өмчлүүлсэн газрууд руугаа өнөө жил дэд бүтэц татна. Зам тавих гэж байгаа компаниудад замын хоёр талын гучин метрийн өргөнтэй газрыг эдийн засгийн коридор маягаар өгөх гэж байгаа. Тухайн компани замаа өөрсдөө тавиад зам дагуух газартаа худалдаа үйлчилгээний газруудаа бас барина. Тэгээд тэрийгээ зарна. Зам барьсан мөнгөө ингээд л буцаагаад олчихно. Энэ бол хийгдэж байгаа бас нэг шинэ ажил.

-Нийслэл хот дүрэмтэй болчихвол утаа, замын түгжрэл, элдэв ачаалал багасна гэж үздэг?

-Биднээс хамаарахгүй юм их байна аа. Жилд л гэхэд 40, 50 мянган хүнээр механик өсөлт явагдаад байна. Улаанбаатар руу хүмүүс шилжиж ирээд байна. Хүссэн хүн дуртай газраа буугаад яндан зоогоод, хөрс бохирдуулаад суудаг ийм нийслэл дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг хорих гэхээр Үндсэн хуулийг зөрчсөн болчихно. Тэгэхээр хорьж болохгүй болчихдог. За яахав, төвлөрч олуулаа амьдрах сайн талтай байж болно. Гэхдээ тэгж амьдрахын тулд та орон сууцтай байх ёстой, ажлын байртай байх ёстой, утаа гаргахгүй байх ёстой гэдэг шаардлагууд тавьчихмаар байгаа юм. Эдийн засгийн аргыг ингэж гүнзгий хэрэглэхгүй бол Улаанбаатарын асуудлууд шийдэгдэхгүй.

Сүүлийн үед орон сууц борлогдохгүй байна. 20 гаруй мянган орон сууц бэлэн болчихоод байна. Яагаад зарагдахгүй байна гэхээр нөгөө нүүж ирсэн хүмүүс мөнгөгүй. Тэгэхээр мөнгөгүй ирж байгаа хүнийг Улаанбаатар хот руу оруулмааргүй байх ёстой байхгүй юу. 20 мянган орон сууцанд түрээсээр ороод тэгж байгаад аажуухан авчих гэхээр тэгэх боломжгүй. Яагаад гэвэл ажилгүй. Ингэж бид өөрөө өөрсдөө зовлон үүсгэж байгаа юм асар их байна. Тэгээд энэ зовлонгоо төр засгаасаа нуун, нийслэлийн Засаг даргаасаа л нэхээд байдаг.

-Хот руу утаа май хаясан хуучин машин оруулахгүй, ажил төрөлгүй иргэнийг суурьшуулахгүй байя. Ядаж л амьдрах гээд ирвэл ажилд орох гэж байгаа газрынх нь тодорхойлолтыг үндэслэдэг болъё. Утаа гаргахгүй гэдэг ам мөчгийг нь авдаг байя гэдэг олон санал гардаг?

-Хотын дүрэм гээд байгаа чинь наадах чинь. Гуравдугаар сард зөвлөлдөх санал асуулгаар хотын дүрмийг иргэдээрээ хэлэлцүүлнэ. Яг энэ асуудал дээр явуургүй улстөрчид чинь бие биедээ их саад тотгор болж байна. Нэгдүгээр эгнээнд байрлуулсан машиныг ачих ёстой. Бусад оронд ёстой ямбийтал нь торгоод, үг үсэггүй аччихдаг. Тэгж байж л хүн ухаардаг. Манайд яг ингээд эмхэрч эхэлтэл Аюурсайхан гэдэг нөхөр гарч ирээд шүүхэд өгөөд, шүүх нь ч яаж тэгж ойлгодог юм. Тэгээд л энэ асуудал улс төрийн асуудал болоод хувирчихсан. Хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдгээрээ уралдаад эхэлчихсэн. Яг үнэндээ дэг журмын асуудлаар л уралдах ёстой.

Ажлын байрны тодорхойлолттой хүнийг нийслэлд оруулна гэхээр ахынхаа ч юм уу, таньдаг хүнийхээ компаниас жолоочоор ажилладаг гээд хуурамч бичиг аваад ирдэг. Хаягийн тодорхойлолт нэхэхээр хаана ч байдаг юм таньдаг нэг хорооны Засаг даргаар айлын хашаанд амьдардаг гээд тодорхойлуулаад ирдэг. Тэгээд л өөр газарт очиж буугаад газар ухаад, утаа гаргаад суучихдаг. Ингээд энэ ажил чинь явахгүй байгаа юм.

Шинэ он гарч байна, Улаанбаатар хотоо ухаалаг, найрсаг, ногоон, эрүүл аюулгүй хот болгохын төлөө цөмөөрөө олон талаасаа хамтран ажиллах хэрэгтэй байна гэдгийг уриалъя. Иргэн таны оролцоо хэрэгтэй. Хотын дүрмийг хэлэлцэх үед иргэн та бүхэн оролцоорой. Улаанбаатар хотыг зочдод ээлтэй, аюулгүй хот болгохын төлөө бодитой өөрчлөлтийг бид хийж чадсан шүү. Өмнө нь жуулчдад ээлгүй, аюултай хотуудын нэгд орчихсон л явж байсан. Тийм болохоор сайхан хотод, сайхан амьдрахын төлөө иргэдтэйгээ хамтран ажиллая.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27458
0 эможи
keyboard_arrow_up