ИРГЭД ТӨРИЙН 200 ГАРУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВДАГ БОЛЛОО
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын 3 цэгт Төрийн үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн Засаг дарга төрийн үйлчилгээний төвийг “төрийн үйлчилгээний супермаркет” гэж томъёолж байгаа бөгөөд нийслэлээс үзүүлж байгаа 200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүллээ.
Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төвд, Хан-Уул дүүрэгт Мишээл экспо төвийн байранд, Сонгинохайрхан дүүрэгт “Содон хороолол”-д төрийн үйлчилгээний төв байх юм.
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д нийтдээ 130 гаруй төрийн албан хаагчид ажил, үүрэг гүйцэтгэх бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагуудаас албан хаагчдаа татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.Төрийн үйлчилгээний төвд, Иргэд хүлээн авах төв, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар зэрэг нийслэлээс үзүүлж байгаа 223 нэр төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, эдгээрээс 55 үйлчилгээг нь газар дээрээс нь шууд шийдэх боломжтой. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын зүүн талд, “Дүнжингарав” худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь 2800 м2 талбайтай, 5000 автомашины зогсоолтойгоос гадна нийтийн тээврийн 8 чиглэл энэхүү төв рүү хүрэх юм. Төв нь үйлчилгээний танхим, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, уулзалтын өрөө, Хүүхэд саатуулах өрөө, нотариат/, кафе зэрэг 9 төрлийн өрөө, танхимуудтай байхаар төлөвлөгдснөөс гадна нэг удаадаа 180, өдөрт 2400-4320 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай цогцолбор төв болох юм байна. Урьдчилан төлөвлөж байгаагаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Иргэд тус төвөөс төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авах, 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах, оршин суугаа харъяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм. Тус төв өчигдөрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.