О.Гантуяа: Манай хороо дүүрэгтээ анх удаа сошиал медиагаар мэдээлэл хүргэж эхэлсэн
Хан-Уул дүүрэгтээ хүн амын нягтаршил ихтэй хороодын нэг 15 дугаар хороонд энэ жил хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, зохион байгуулсан ажил, амжилтын талаар тус хорооны Засаг дарга О.Гантуяатай цөөн хором ярилцлаа.
Тэрээр энэ жил амжилт бүтээл арвин сайхан жил болсон, ирэх жил илүү ихийг хийж бүтээнэ гэж байлаа.
Сайн байна уу? Ярилцлаганы эхэнд хорооныхоо талаар манай уншигч нарт танилцуулаач.
Тэгэлгүй яахав, Манай хороо 5809 өрхийн 18900 гаруй хүн амтай. Дүүрэгтээ хүн амын нягтаршил ихтэй, том хороодын тоонд ордог. Хорооны нутаг дэвсгэрт МХАҮТанхим, АПУ ХХК, Богдын ордон музей зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд төвлөрсөн. Энэ онд “Гэгээнтэн” цогцолбор, Гэгээнтэн энтертаймент, Galaxy tower зэрэг аж ахуйн нэгжүүд нэмэгдэж нийт 160 гаруй аж ахуйн нэгжтэй болж өргөжсөн.
2015 он танай хорооны хувьд амжилт бүтээл, онцлох үйл явдлаар хэр арвин жил байв?
Энэ онд Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд манай хороо амжилттай оролцож Нийслэлийн 152 хорооноос 22 дугаар байрт орсон. Мөн Нийслэлийн 2015 оны “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан”-ны эцсийн шатны шалгаруулалтанд манай хорооны 8 аж ахуйн нэгж шалгарч, Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “АПУ” ХХК шилдгээр тодорсон. Өмнөх 7 хоногт “Иргэдийн шинэ жил”-ийн баяртаа 150 хүнийг оролцуулан өргөн хүрээнд тэмдэглэсэн. Энэ үеэр өнгөрсөн жилийн ажлынхаа ололт амжилтаа дүгнэж Нийслэл, Дүүрэг, Хорооны шагналаар нийт 70 гаруй хүнийг шагнаж урамшуулсан. Эдгээр шагналууд нь 2015 он ХУД-ийн 15 дугаар хорооны хувьд үнэхээр амжилт бүтээл арвин жил байсан гэдгийг харуулж байна.
Тэгэлгүй яахав, Танай хорооны хувьд их сайхан жил болсон байна. Тэгвэл энэ онд ямар ямар бүтээн байгуулалт 15 дугаар хороонд сүндэрлэв?
Манай хороонд улсын цэцэрлэг байдаггүй байсан. Нийт цэцэрлэгийн насны 2071 хүүхэд багачуудтай. Энэ жил Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 120 хүүхдийн багтаамжтай 218 дугаар цэцэрлэг, 180 хүүхдийн багтаамжтай 130 дугаар бага сургууль ашиглалтанд орж хүүхдүүдээ хүлээж авч хичээллэж эхлээд байна. Цаашдаа 920 хүүхдийн бүрэн дунд сургууль баригдахаар Нийслэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Түүнчлэн иргэдэд төрийн үйлчигээг ойртуулах, ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, нөхөн сэргээх чийрэгжүүлэлтийн танхимтай болох зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Ахмадын хөгжлийн төв”-ийн цогцолбор барихаар болж барилга угсралтын ажил 60 хувьтай явж байна.
ХУД-ийн 15 дугаар хорооны иргэд цахим ертөнцөөр дүүрэг, хороотой холбоотой бүх мэдээллээ авдаг гээд их ам сайтай байсан?
Одоо иргэд маань ажил хөдөлмөрийн онцлогоос шалтгаалан дийлэнх нь сошиал медиа ашигладаг болсон. Тиймээс манай хороо дүүрэгтээ анх удаа цахимаар мэдээлэл хүргэх зорилгоор “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо” гэсэн фэйсбүүк хаягийг өнгөрсөн оноос албан ёсоор ажлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 2628 найзтай, 2558 лайк /дагагчтай/, групп нь 551 гишүүнтэй болоод байна. Нийт иргэдийн цахим мэдээлэлд хандсан хандалт давхардсан тоогоор 410000 гаруй байгаа. Мөн иргэдийн и-мэйл хаягийг бүртгэн “Yahoo messenger” хаягаар мэдээлэл өгч ажилладаг.
50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажил, онцлох үйл явдлууд?
Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 10-ны өдөр хорооны “Иргэдийн баяр”-ыг “Богд хааны ордон музей”-тэй хамтран иргэдийг түүх соёлын дурсгалтай танилцуулах ажлыг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд нийт 200-аад иргэн оролцсон. Мөн “Эрүүл агаар эм” ахмадын баярын үйл ажиллагааг 10 дугаар сарын 3-ны өдөр “Монгол тур” амралтын газар зохион байгуулж 420 ахмад настанг хамруулсан томоохон үйл ажиллагаа болсон.