“Залуу багш нарын нэрэмжит ажлын өдөрлөг” хөтөлбөрийг зохион явууллаа
Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй бага ангийн “ЗАЛУУ БАГШ НАРАА ЧАДВАРЖУУЛЖ ХАМТДАА ХӨГЖЬЕ” төслийн баг хамт олон өнөөдөр “Залуу багш нарын нэрэмжит ажлын өдөрлөг” хөтөлбөрийг зохион явууллаа.
Энэ үеэр багш нар өөрсдийн хийсэн гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан юм. Мөн төсөлд хамрагдаж буй багш нар найман баг болон сургалтаас олж авсан мэдээллээ ашиглан өөрсдийн нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд: “Алтан хонх”, “Үсгийн хаад”, “Гар бөмбөг” гэх мэт багш нарыг идэвхжүүлэх, мэдлэгийг бататгах тэмцээнүүд багтаж байгаа юм.
Мөн энэхүү төсөлд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа бага ангийн 64 багш хамрагдаж байгаа бөгөөд төслийн төгсгөлд залуу багш нарт “Залуу багшын хувийн хөгжлийн тэмдэглэл” гарын авлага дэвтэрийг гардуулах аж.
Түүнчлэн “Хүүхэд төвтэй сургалтын орчин”,“Сургалтын технологи, боловсролын арга зүйн шинэчлэл”,“Сургалтын орчин, түүнийг насны ангиллаар зохион байгуулах”,“Сургалтын төвүүд, хэрэглэгдэхүүн ашиглалт”,“Сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга”,“Хүүхдийн сурах арга барилыг хөгжүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулсан нь залуу багш нарын хэрэгцээг хангасан, эргэлзээг тайлсан, санаа авахуйц олон арга зүйг таниулсан цаг үеэ олсон сургалт болж чаджээ.