Гүүрний засварт зарцуулсан 77 сая төгрөгийг буруутай этгээд нөхөн төлнө

2015 оны 12 сарын 20

Энэ сарын эхээр Яармагийн гүүрэн дээр болсон ослын улмаас гарсан хохирол болох 77 сая төгрөгийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болжээ.

 



Тодруулбал, арвахоёрдугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Яармагийн гүүрэн дээр нийтийн тээврийн том оврын автобус болон Kia Bongo автомашинууд мөргөлдсөн ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас долоон хүн гэмтэж,  гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан тул засахаар Авто замын газраас хаагаад байгаа юм.

Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд осол болсон өдөр холбогдох газрын мэргэжилтнүүд гүүрэн дээр очиж, үзлэг шалгалт хийж, дүгнэлт гаргажээ.

Мөн зураг төсөл зохиогчоос гүүрэнд гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн засварлах талаар технологи аргачлал, зөвлөмж, дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтээр панелийг үйлдвэрийн хийцээр солих, гүүрийн эвдрэлтэй хэсгийг доороос нь дэр модон түр тулгуур хийх, гангийн цууралтаас хамгаалах зорилгоор засвар хийх хэсэгт дулаан байр барих, барьсан байрны доторх агаарын хэм +5 градусаас багагүй байх, засварын ажлыг гүүрийг угсарсан мэргэжлийн багийн тусламжтайгаар явуулах нь зохимжтой гэх мэт техникийн нарийн аргуудыг зөвлөжээ.

Түр гүүрийг хааснаар тухайн орчинд оргил цагуудад замын хөдөлгөөний түгжрэл үүсч, иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн гомдол ихээр ирж байгаа учир түр гүүрийн хэвийн байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах  зорилгоор дээрх дүгнэлтийн дагуу засварын ажлыг эхлүүлжээ. Гүүрийг засч хэвийн байдалд оруулахад 77 сая төгрөг шаардлагатай гэж нийслэлийн Автозамын газраас мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27082
0 эможи
keyboard_arrow_up