Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 3 цэцэрлэгтэй боллоо

2015 оны 12 сарын 18

     Бидний мэдэх Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв, Мишээл экспо, Соёлын ордон, 19-ийн үйлчилгээний төв гээд олон байгууллагууд төвлөрсөн 2 дугаар хороонд хийгдсэн бүтээн байгуулалт, ажлын талаар хорооны Засаг дарга Ч.Наранцэцэгтэй ярилцаж, мэдээлэл авснаа хүргэж байна.

-Юуны өмнө та 2015 онд хийгдсэн томоохон ажлаасаа бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Манай 2 дугаар хороо нь 9530 хүн амтай. Энэ жил манай дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан чамлахааргүй бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн байгаа. Тухайлбал энэ намар л гэхэд 6 байр шинээр ашиглалтанд орсон. Мөн манай хороо 3 цэцэрлэг, 1 сургуультай. 11 сард 27 дугаар цэцэрлэг маань шинээр баригдаж, ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь өмнө нь 120 хүүхдийн хүчин чадалтай байсан бол одоо 240 хүүхэд хүлээн авах бүрэн боломжтой болсон. Энэ ажилд Нийслэлийн болон дүүргийн иргэдийн хурлынхан маш их анхаарал хандуулсан учраас хугацаанаас нь өмнө хүлээж авлаа.

Мөн манай хороонд хийгдсэн гол ажлын нэг бол “Ухаан Уул” ХЗХ байгуулагдсан явдал юм. Эхнээсээ иргэд төслөө бичээд 100 сая төгрөгийн зээлд хамрагдаад явж байна. Удахгүй 2 дахь ээлж нь энэ ондоо багтаад зээлээ авна. Энэ ажил бол иргэдэд ээлтэй, барьцаа хөрөнгө багатай хийгдэж байна. Харин 2015 оны 9 сарын 30-ны өдөр гарсан Нийслэлийн засаг даргын захирамжаар 53, 54-р байрууд дахин төлөвлөлтөд орсон. Иргэдтэйгээ уулзалт зохион байгуулаад, шинэ он гаргаад дахин төлөвлөлтийн ажил эхлэхээр сайхан шинэ байрууд баригдах төлөвлөгөөтэй байгаа.  

ХУД 2 дугаар хороо 27 дугаар цэцэрлэг

-Энэ жил танай хороо үйлчилгээний газрууддаа хэр анхаарч ажиллав?

Манай хороонд байрлах Соёлын ордны эргэн тойронд явган зам болон гүүрэн гарц байдаггүй байсан. Харин энэ ондоо багтаад орон нутгийн хөгжлийн сангаар явган зам, гүүрэн гарцаа хийж чадлаа. Иргэдийн маань эрүүл, аюулгүй байдлыг хангасан сайхан гүүр болсон. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангаар 62 байрны орцын хаалгыг коджуулж байна. Энэ нь бидний хийхийг зорьсон ажлуудын нэг байлаа. Нийт 68 сая төгрөгийн 58 сая төгрөгийн ажил хийгдчихсэн байна.

Мөн 19-ийн үйлчилгээний төв 1972 онд байгуулагдснаасаа хойш огт засвар хийгдээгүй байсан. Үүнийг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж, 30 сая төгрөгийн төсвийг батлуулсан. Энэ ажил хийгдэж байна. Манай хорооны иргэд идэвхтэй оролцож, ажлын явц дээр хяналт тавьж, бидэнд тусалж байгаа. Манай хороонд Гутлын үйлдвэр, Мишээл Экспо гээд олон үйлдвэрүүд ашиглалтад орсноороо онцлогтой.

-Танай хороон дээр Хан-Уулын гэрэлтүүлгийн давалгаа хэр хүчтэй өрнөсөн бэ?

инээв.  Манай хороо бүрэн гэрэлтүүлэгтэй. Гэрэлтүүлгийн ажилчид сар болгон ирж, асалтын талаархи үнэлгээгээ авдаг. Хэрэв асаагүй бол бид тухай бүрт нь мэдэгдэхээр ирээд засаад өгдөг. Манайх дүүрэгтээ хамгийн сайхан гэрэлтүүлэгтэй хороодын нэг. Гэрэлтүүлэг бол дүүргийн маань иргэдэд сайшаагдсан ажлуудын нэг.

-Танай хороон дээр “Хөршийн холбоо” хөтөлбөр хэр түвшинд хэрэгжиж байна вэ?

Бид 2015 ондоо хөршийн холбоогоо байгуулж, алдрын талбай дээр нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр үзэсгэлэн худалдаа гарган, иргэд хийж бүтээсэн зүйлээ олон нийтэд сурталчилах арга хэмжээ болсон юм. Үүнд хамгийн идэвхтэй оролцсон “Цогт принтер” ХХК-д баярласнаа илэрхийлье. Энэ ажлын хүрээнд СӨХ болон иргэдтэйгээ уулзалт хийлээ. Энэ нь гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, айлууд нэг нэгнээ мэддэг байх нь учирч болох эрсдлийг бууруулах зорилготой юм. Уг уулзалтанд олон нийтийн цагдаа, хэсгийн байцаагч нар болон СӨХ-ийн удирдлагууд их идэвхтэй оролцсоныг онцолмоор байна.

ХУД-ийн 2 дугаар хорооны Цагдаагийн хэлтэс

-Танай 2 дугаар хороо камержуулалтанд харьцангуй сайн хамрагдсан гэж байсан. Энэ үнэн үү?

Тэгэж хэлж болно. Нийслэлийн цагдаагийн газраас манай хороонд 43 камер суурилуулах ажил нь эхэлчихээд явж байна. Манай хороонд гэмт хэргийн гаралт нэлээд буурсан. Нөгөөтэйгүүр СӨХ-үүд маань их идэвхтэй оролцон камержуулалт хийж байна. Ялангуяа их идэвхи, зүтгэл гарган ажилласан “Хийморь Баяжих” СӨХ-ийн захирал н.Хишгээд баярласнаа илэрхийлмээр байна.

-Хүйтний улиралд орон сууцанд халаалт дулаалгын асуудал сөхөгддөг. Энэ жил айлууд хэр дулаан өвөлжиж байна вэ?

Өвөлжилттэй холбогдуулан 1973 оны байруудад цанталтаас хамгаалах ажил  хийгдсэн. Байрны жижүүрүүд цонхны дулаалгыг хийсэн. Өвлийн бэлтгэл ажил сайн хангагдсан. Манай 19 дүгээр хорооллын байрууд бүгд коридортоо буюу орцондоо партай. Паар нь сайн халдаг болохоор иргэд маань дулаахан орчинд амьдардаг.

-Танай Хан-Уул дүүрэгт “Иргэдийн Спортын Их наадам” жил бүр зохион байгуулагддаг гэж сонссон. Танай хорооны иргэд хэр идэвхитэй оролцдог вэ?

Манай хороо энэхүү 6 төрөлт тэмцээнд амжилттай оролцон дүүрэгтээ 3-р байранд орсон. Нийслэлд волейбол болон сагсаараа түрүүлж, хүрэл медаль төлөө тоглосон. Эдгээр үйл ажиллагаанд иргэд маань идэвхтэй оролцдог. Мөн дүүргийнхээ 50 жилийн ойг угтаж манай хороо өндөр настан болон бусад иргэдийн дунд шатар, даалуу, олс таталт зэрэг тэмцээн зохион байгуулсан. СӨХ-үүд мөн идэвхтэй оролцсон. Харин хүүхэд, залуучууд маань хороонд хийгдэж буй үйл ажиллагааны талаар ойлголт их багатай байдаг. Тиймээс бид хүүхдүүдийн нас болон онцлогоор нь судалгаа явуулсан байгаа. Тус судалгаа нь бэлэн сонгох хариултуудтай байх жишээтэй. Тухайлбал танай байрны ойр орчимд тоглоомын талбай байдаг уу, гэрэлтүүлэг нь асдаг уу гэх мэт асуултууд байдаг. Судалгааныхаа үнэлгээг гаргаад сургуулиудад өгсөн.

ХУД-ийн 2 дугаар хорооны байр

-Танай хороонд анхны иргэдийн хурлын танхим байдаг гэж байсан. Ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

Манай иргэдийн хурлын танхим нь анхдагчаас гадна жишиг танхим гэж хэлж болно. Учир нь засвар хийгдсэнээс хойш иргэд чөлөөт цагаараа даалуу, шатар, ном унших боломжтой болсон. Түүнчлэн иргэдийн дунд хурал, уулзалт зохион байгуулахад өрөө тасалгаанууд нь маш сайхан тухтай, цэвэрхэн орчин бүрддэг. Манай дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид их баяртай байгаа. Мөн дүүргийн 50 жилийн ойг угтан  ахмадууддаа зориулж, клип хийлгэсэн. Ахмадуудынхаа TV5 телевизээр гарсан нэвтрүүлгийг үзэхэд их эрч хүчтэй, бүтээлч хүмүүс байдаг юм билээ.

-Танай дүүргийн хороод хүйтний улиралд тогтмол цас, мөс арилгах ажлыг хийдэг гэж байсан?

Тохижилт үйлчилгээнээс халтиргаа гулгаа арилгах ажлыг хийдэг. Манайх 43 байр, 9 СӨХ-тэй. Байрны жижүүрүүд өвлийн улиралд цас мөсөө маш сайн арилгадаг. Байшин хорооллын дундах цас мөсийг СӨХ-ийн ажилчид маань өдөр шөнөгүй л цэвэрлэдэг.

 Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27042
0 эможи
keyboard_arrow_up