ХУД-ийн 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэг: Манай Биокомбинатын үйлдвэр Азидаа нэгт ордог

2015 оны 12 сарын 16

Хан-Уул дүүргийн хороодууд 2015 онд хийсэн ажлаа танилцуулж байна. Энэ удаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэгтэй тус хороонд энэ онд хийгдсэн бүтээн байгуулалт, 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, томоохон ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

 

Сайн байна уу? Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд өнөөдөр хичнээн айл өрх амьдарч байна вэ? Хорооныхоо талаар товч танилцуулаач?

Манай хорооны хувьд алслагдсан, 6019 хүн амтай, 1785 өрхтэй, 6000 гаруй га нутаг дэвсгэртэй, 7000 гаруй мал аж ахуйтай. Манай Биокомбинатын үйлдвэр Азидаа нэгт ордог. Үүгээрээ маш их бахархдаг. Тус үйлдвэр маань 200 гаруй  ажилтантай. Бидний онцлог нь аж ахуйн нэгжтэйгээ маш сайн хамтран ажилладаг. 2014 онд Засаг даргын дэргэдэх Аж ахуйн нэгжийн комисс гэж байгуулсан. Энэ комисс нь хорооны Засаг дарга, хэсгийн байцаагчтай хамтран гурвалсан гэрээ байгуулан ажилласанаар хамтын нутаг орноо гэсэн сэтгэлийг бий болгож ажиллах сэтгэлгээг баталж байгаа юм .

Энэ жил 12 хороонд ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бэ?

Энэ жил манай хороо нэлээн ажил ихтэй , үр бүтээлтэй ажилласан. Би хамгийн чухал хэдэн ажлыг энд яримаар байна. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо маань иргэдийн бүлэг байгуулан 2 явган хүний гүүрэн гарц хийсэн. Ингэж бүлэг  байгуулснаар эргээд хариуцлагатай, ямарваа ажлыг чанартай хийхэд илүү дөхөмтэй болж өгдөг байгаа. Мөн Онцгой байдлын хэлтэс, ААН-ийн 40 гаруй албан хаагч 30-52 дугаар байрны пасатын засварыг хийлээ. Иргэдийн хүсэлтийн дагуу 5 аж ахуйн нэгжтэй хамтран “Сонгино амралт”-ын гүүрийг засварлаж, Өлийн амын хэсэгт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар  шинэ гүний  худагтай болсон. Манай хороонд  2013 оноос хойш нийт 4 гүний худаг гаргаж иргэдийн ундны цэвэр усыг сайжруулж чадсан. Одоогийн байдлаар гэрэлтүүлгийн хувьд 60%-тай явж байгаа. Түүнчлэн энэ онд Туулын болон Сонгино 1-6 дугаар хэсгийн айл өрхийн  бүх цахилгааны шон, утас тоолуураа сольж айлуудын цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлсэн. Энэ нь айл өрхүүдийн амьжиргаанд бас сайнаар нөлөөлсөн. Таван толгойн хэсэг дээр 30 гаруй айл байдаг энэ айлууд нь тог цахилгаанаа компаниас авдаг байсан үүнийг нь улсад хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа.

Бүтээн байгуулалтын хувьд маш ололттой жил болсон байна. Үүнээс гадна танай хороо иргэд олон нийтийг хамарсан ажлууд их зохион байгуулдаг гэж сонссон?

Дээр дурьдсан бүтээн байгуулалтын ажлуудаас гадна манай хороо “Иргэдийн баяр”-ыг маш амжилттай зохион байгуулсан. Энэ ажлыг иргэд ихээр дэмжсэн. Цаашдаа жил бүр зохион байгуулж байх саналуудыг ирүүлж байгаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлаар 11 “Хөршийн холбоо”-г байгуулан ажиллаж байна. Энэ дашрамд хэлэхэд манай Хөршийн холбоо, Цагдаагийн 2 дугаар хэсэгтэй хамтран маш үр дүнтэй ажиллаж алдагдсан 10 үхрийг олж эзэнд нь хүлээлгэн өгсөн. Мөн 10 дугаар сургуулийн сурагч нартаа зориулж ДИТХ-ын төлөөлөгч А.Отгонбаатартай хамтран цахим кабинет байгуулсан. Мөн иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулах гээд ажиллаж  байгаа. Хорооны байранд нэг цэгийн үйлчилгээтэй болсон. Өрхийн эмнэлэгтээ шинжилгээний өрөөг ИНХ-ын даргатайгаа хамтран гаргаж өгсөн. Халуун ус ахуйн үйлчилгээний газраа шийдүүлж чадсан. Энэ дашрамд Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч , дарга нар алслагдсан хороод руугаа  их анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Танай хорооны иргэдийн  санаачилгаар Сонгинохайрхан уулыг энэ жил 2 дахь удаагаа тахисан байгаа шүү дээ?

Тиймээ, манай хороо Сонгинохайрхан уулыг 2 жилд нэг удаа тахидаг уламжлалтай. Учир нь идээ будаа элбэг арвин ,нар хур тэгширсэн ард иргэд зон олон нь өвчин зовлонгүй байхыг билэгдэн тахидаг байгаа. Энэ жилийн хувьд 6 дугаар сард энэхүү ажлыг зохион байгуулсан. Энэ тахилгад хорооны иргэдээс гадна маш олон хүн, гадаад дотоодын зочид, олон худалдаа үйлчилгээ  оролцсон сайхан баяр наадам болж өнгөрсөн.

Энэ жил дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. 12 дугаар хорооны хувьд ойн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд мэдээж олон ажлуудыг зохион байгуулсан. Малчины хэсэгт байрладаг 8-р гудамжны 15 айл огт тоггүй олон жилийн нүүр үзсэн байсан, энэ жил тэдгээр айлуудынхаа тог цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн. Хүүхэд залуучуудад зориулан “Их аян” төвтэй хамтран англи хэлний үнэгүй сургалтыг шат дараатай зохион байгуулж, ахмад настны дунд 7 хоногийн нэг өдөр нийтийн бүжгийг зохиосон. Мөн Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хийсэн ажлуудаа танилцуулсан борошур хийж Ахмадын баяр болон Иргэдийн баярын үеэр иргэддээ тарааж, ажлаа тайлагнасан байгаа. Үүнээс гадна манай хорооны иргэд ногоо тарьж, шүрээр гар урлал хийж, аж ахуйн нэгж өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргасан гэх мэт олон бүтээлч ажлууд хийгдээд явж байна. Ингээд удахгүй болох шинэ жилийн мэндийг иргэддээ хүргэж байна.

Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26971
0 эможи
keyboard_arrow_up