Хэвлэх үйлдвэр, “Автобус 3”-ын барилгуудыг өнөөдөр дуудлагаар худалдана
Нийслэлийн өмч хувьчлал 2015 өнөөдөр Хангарди ордонд 11.00 цаг эхэлнэ.
Тодруулбал, Хэвлэх үйлдвэр, Автобус 3, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилга, Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга зэргийг дуудлага худалдаагаар худалдана гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Дуудлага худалдааны доод үнэ болон худалдах нөхцөлийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
1.Хуучнаар “Автобус-3” НӨҮГ–ын барилга байгууламжууд
“Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтад орсны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.
Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтад орсон. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай.
Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 26 432 700 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ: 2 643 270 000 төгрөг
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Барилга байгууламжийг өмч эзэмшигчийн төлөөлөл болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон Худалдагч болох Нийслэлийн өмчийн харилцааны газар Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд шинээр баригдах автобус баазын барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгнө.
2.“Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордны зүүн талд байрладаг.
1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм.
Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай.
Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 7 155 000 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ: 715 500 000 төгрөг
3.Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилга
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ барилгынхаа урд талд байрладаг, 1965 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон.
Тус барилга нь 2 давхар үндсэн барилга болон зүүн талын 2 давхар өргөтгөл, баруун хойд талын нэг цонхны үйлчилгээний өргөтгөлөөс бүрддэг. Үндсэн барилга нь бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 45*13м бүхий нийт 1150,20 м2 талбайтай 2 давхар барилга юм.
Зүүн талын өргөтгөл нь 2007 онд ашиглалтад орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр хучлагатай дээвэртэй, 14,5*14м бүхий нийт 413,54 мІ талбайтай 2 давхар барилга юм.
Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтад орсон, бетон суурьтай, тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 17,5*5,5м бүхий нийт 97,37 мІ талбайтай 1 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.
Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 3 906 553 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ: 390 655 300 төгрөг
4.Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга нь төв замаасаа 200 метрийн зайд Өлзийт тосгоны төв хэсэгт байрладаг. Уг барилгууд нь Өлзийт тосгоныг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтаар 1990 онд баригдаж байгаад дуусгалгүй дутуу орхисон.
Дэд станцын дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, цагаан тоосгон өнгөлгөөтэй тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 5.5*10м бүхий нийт 55 м2 талбайтай.
Уурын зуухны дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, угсармал төмөр бетон хавтгаалжин болон тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилттай хавтгай дээвэртэй, 10*25м бүхий нийт 250 мІ талбайтай.
Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 57 070 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ: 11 414 000 төгрөг байгаа аж.