ХУД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдлаа
“School police” эргүүлийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, сурагчдыг сургуулийн орчинд аливаа халдлага эрсдлээс хамгаалах, сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэх, энэ ажлын хүрээнд эцэг эх, олон нийт, нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо, идэвхийг өрнүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор ХУД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Дэвжээ” тэмцээнийг дүүргийн боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, сургуулиудын нийгмийн ажилтнуудын зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Багийн гишүүдэд ахлах ангийн 4 сурагч, 1 багш, эцэг эхийн төлөөллөөс 3 хүн оролцож, Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, “School police” эргүүлийн журам, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Сургуулийн дүрмийн хүрээнд асуулт хариулт, сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “School police” эргүүлийн ажилд арга туршлага болохуйц шинэлэг санааг сурталчлах ба цахим тоглоомын үйл ажиллагаа, түүнийг хэрэглэснээр ямар хор нөлөө амсаж болох талаар жүжигчилсэн тоглолт үзүүлэн өрсөлдлөө.
Нийлбэр оноогоор 59-р сургуулийн О.Гантуяа ахлагчтай “Рolice-59”, 32-р сургуулийн Х.Хэрлэнзориг ахлагчтай “Итгэл” багууд V байр, 60-р сургуулийн С.Мөнх-Оргил ахлагчтай “Тэмүүлэл” баг IV байр, 75-р сургуулийн Д.Өнөболдтүмэн ахлагчтай “Дөл” баг III байранд шалгарсан бол Буянт-Ухаа цогцолбор сургуулийн Г.Мөнхболор ахлагчтай “Цэц” баг дэд аваргаар шалгарлаа.
15-р сургуулийн Э.Төгөлдөр ахлагчтай “СИОН” баг Дэвжээ тэмцээний аваргаар шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах II шатны шалгаруулалтад оролцох эрхийг авсан байна.
“School police” эргүүлийг сургуулийн орчинд тогтмол ажиллууснаар сурагчдын гэмт хэрэгт өртөх, хулгай дээрэм гарах явдал өмнөх онуудаас эрс буурсан мэдээ судалгааг сургуулийн багийн ахлагч нар тайлбарлан ярьж байлаа.