Үл үзэгдэгч байгаль хамгаалагчид

2015 оны 11 сарын 02

     Байгаль хамгаалагч гэхээр танд ой дунд нэг жижиг модон байшинд үүрлэдэг давсан сумтай эсвэл хоёр амтай шувууны буу үүрсэн, цэргийн гэхэд цэргийн биш энгийн гэхэд энгийн биш нэг тийм дундын ногоон форм өмссөн тэтгэвэртээ гарсан өвгөн эсвэл хижээл насны эр төсөөлөгдөж байна уу? Тэгвэл миний нүдэнд шал өөр дүр байдал харагддаг. Учир нь миний харсан байгаль хамгаалагчид миний санаж байгаагаар бол бүгд үл үзэгдэгч байсан.

Тэдний тухай ингэж ярьж байгаа минь хийсвэр хөнгөн төсөөлөл бус үнэхээр ийм төрлийн байгаль хамгаалагчид байсан үе бий болохоор юм. Хүрээлэн буй байгаль орчноо өөрийн үр сад, эд зүйл шиг хайрлан гамнаж, харилцан амьд юм шиг дээдэлдэг тийм хүмүүс миний багад миний эргэн тойронд цөөнгүй байсныг би одоо ч тод санадаг.

Гэхдээ хэн ч тэднийг хараад байгаль хамгаалагч гэж хэлдэггүй. Тэд ч өөрийгөө байгаль хамгаалагч гэж боддоггүй. Учир нь тэр хүмүүс зүгээр л хайрлах ёстой зүйлсээ хайрлах ёстой гэдгийг бие сэтгэлээрээ ухамсарлаж чаддаг байсан юм. Тэдний хэн нь ч хэн нэгний дураараа жаал атга өвс газраас үгтээж, алгын чинээ нүх ухах төдийд намуун дуугаа цочтол өндөрсгөж, найртай зангаа ууртай хөгшин болтол нь хувьсхийн зандардаг байлаа. Учир нь тэд өөрийн амьдардаг орон гэрээ таван ханат эсгий туурганы хэмжээнд бус тал хөндий, уул ус гээд байгаль эхийн бүх бэлгийг бүрэн багтаасан хараа хүрэх хязгаар нутгийг хамруулан төсөөлж ирсэн хүмүүс.

Ийм л хүмүүсийг би бодитоор болоод чин сэтгэл, үнэн голоосоо байгаль орчноо хайрлан, хамгаалагчид гэж үздэг. Энгийн нэг жишээнээс дурьдахад тэд ан хийсэн ч ноднин жилийн төл, нойтон сормуустайг нь өнгөрөөж, зуухандаа гал бэлдсэн ч сайхан ургаж байгааг нь бус салхи шуурганд унасныг нь хөрөөдөж зэхээд хайнаг шарынхаа хоёр талд тэнцүүлэн тэгнүүлээд хаваржаа, өвөлжөөндөө буулгадаг болохыг нь хавирганд нь наалдаж хүн болсныхоо хувиар би хааяа нэг дурсдаг гэх үү дээ. Өнөөдөр тэгвэл тэр хүмүүсийн ихэнх нь үгүй болж, өөрий минь адил тэдний дэргэд өсч хүмүүжсэн залуусын хэд нь ийнхүү байгаль орчноо хайрлан, хамгаалах уламжлалт арга ухаан хийгээд ёс заншлыг тэрүүхэн дотроо хадгалж явдаг юм бол доо.

Тэгэхээр одоо өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж өнөөдөр байгаль орчин хэмээх энэ салбар дээр засаг төр гэгч нь чухам ямархуу бодлого хэрэгжүүлвэл илүү дээр болох мөн тэсч үлдсэн хэсэг онгон газар нутаг, дүрвэж цөхөрсөн хэдэн ховор амьтдын минь аюулгүй байж болох ариун лагшин талбарыг яг ямар хүмүүст даатгах нь оновчтой байх талаар санаагаа хэлье.

Саяхан би Байгаль орчны яам эрхлэн гаргасан юм уу эсвэл эх бэлтгэл, хэвлэлийн зардлыг нь л өгсөн юм уу мэдэхгүй ямартай ч “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгууд” гэсэн сүртэй нэртэй ном нэгийг уншив. Тэрхүү номонд тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт мөн нөөц тэгээд дурсгалт гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваагдах нийт 99 бүс нутгийг газрын зураг дээр өнгөөр ялган тэмдэглэсэн байх юм. Тэр дунд Богд уул маань ч байна. Тэгээд гол нь эдгээр газрын дийлэнх нь төрийн хамгаалалтанд буюу төрийн мэдэлд байдаг гэнэ. Тэгэхээр төр нь өөрөө яг үнэндээ ядаж өөрийн мэдэлд буй газар нутгаа хэрхэн хамгаалж буйг хамгийн ойроос харъя гэвэл хаяанд чинь шахуу Богд нэртэй уул руу оч. Тэнд жил бүр хэдэн зуугаараа тоологдох бөө тахилга хийх нэрээр гал тавьж, ойр хавийнх нь бургас модны мөчрөөс өнгө өнгийн хадаг зангидаж, хайчилсан даавууны өөдөс өлгөж орхидог.

Энэ бол хамгийн наад захын жишээ. Хамгаална гэж нэр дээрээ цохож авчихаад хаяанд нь байх ганц том уул руугаа элдэв бусын үл бүтэх юмсыг өдөр бүр нэвтрүүлээд байхаар ямар монгол хүнд таатай санагдах вэ дээ. Ингээд бодохоор энд ийм байгаа юм чинь хаа байсан хойд хязгаар Монгол шарын давааг бол зуун жилд нэг эргэж очдог байж мэдэх мэт санагдана.  За тэгээд Сэлбэ, Туул гол маань ч томоохон арьс ширний үйлдвэрүүд болон амралтын газруудын бохирын шуудуу болоод дуусч байгааг Улаанбаатарчууд маань сонссоор залхаа биз.

Уул уурхайн салбарын зүгээс бол үйл ажиллагаагаа явуулахын хэрээр тийм хэмжээний газрыг дахин сэргээгдэхгүйгээр сүйтгэж, малаар бол зогсолтгүй нядлаж байдаг. Сүүлийн үед тус салбарын хүрээнд гэвэл Гачууртын орд ба “Сентерра гоулд” компани мөн Дорнодын Мэнэнгийн тал ба газрын тосны “Петро чайна дачин тамсаг” компани гэсэн шинэхэн хосууд манай хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байгаа. Газар нутгийнхаа эрүүл бүтэн байдлыг хамгаалж бай гээд Байгаль орчны яам гэж байгуулчихаад УИХ-аас нь устгах зөвшөөрлийн бичиг үйлдээд бүр дээр нь тамга дарж, гарын үсгээ зураад зараад байвал яах уу?

 

Nagi 02

үргэлжлэл...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26132
0 эможи
keyboard_arrow_up