Арван удаагийн их цасыг ажрахгүй

2015 оны 10 сарын 28

Өвөл ирж буйг сануулсан гэнэтийн цасан шуурга нийслэлчүүдийг багагүй сандаргав. Хүрз, зээтүү барьсан хүмүүс явган хүний замыг тог тог тогших нь хэзээ арилгаж дуусгана даа гэмээр хэцүүхэн харагдана. Улаанбаатарын зам бүхэлдээ мөсөн гулгуур болж, жолооч нарын чадварыг сорьсон шалгалт боллоо. Шалгалтын дүн ч тун тааруу. Замын хөдөлгөөний удирдлагын төвд 799 дуудлага иржээ. Үүний 630 нь зам тээврийн ослын тухай байв. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11 бүртгэгдэж, ослоор нэг хүн амиа алдан, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн гэсэн мэдээлэл өглөө. Ганц удаагийн их цаснаар хэн нэг монгол хүн амиа алдаж, хэдэн арваараа гэмтэж бэртэнэ гэдэг үнэндээ бидний эмгэнэл юм.

Цас хайлуулах бодис 871 тонн, 1760 шоо метр элс, дайрга, 1586 тонн давс нөөцлөхөөр төлөвлөжээ

Өөрөөр хэлбэл, энэ нь монголчууд байгаль цаг агаарын гэнэтийн эрсдэлд бэлэн биш байдгийг харуулж байна.

Бид Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн дарга Д.Энхсайханаас цас хайлуулах бодисын нөөцийн талаар тодрууллаа.

-Танай байгууллага хариуцсан хэсэгтээ цас хайлуулах бодис цацсан уу. Элс, давс хангалттай нөөцөлж чадсан уу?
-Манайхан үүрийн 04.00 цагаас эхлэн ажилласан. Байгууллагынхаа хариуцдаг зам дагуу цас хайлуулах 34 тонн бодис цацлаа. Давс, дайрга, цас хайлуулах бодис 600 тонныг нөөцлөөд байна. Баянхошууны чиглэл, Чингэлтэйд ням гарагийн 23.00 цагийн орчимд зам цасанд хучигдаж явах боломжгүй боллоо гэсэн дуудлага ирсэн. Бид дуудлагын дагуу очиж ажилласан.

-Цас хайлуулах бодисоо хаанаас авсан бэ. Хэр чанартай бол?
-ОХУ-аас цас хайлуулах бодис авсан. Олон улсын стандартад нийцсэн бодис учраас чанарын хувьд асуудалгүй.

-Энэ өвөл танай элс, давсны нөөц хангалттай хүрэлцэнэ гэсэн үг үү?
-Тийм. 10 удаа цас ороход ямар ч байсан хүрэлцэнэ. Энэ өвөл цас их орж болзошгүй гэсэн төлөв гарсан. Иймд бид цас хайлуулах бодис, давс нэмж нөөцлөх шаардлагатай байгаа.

-Машин, техник хүрэлцээтэй юү?
-Одоогоор 13 машин, 700 гаруй хүн ажиллаж байна. Тэгэхээр боломжийн гэж хэлж болно гэсэн тайлбар өглөө.

Үүнээс гадна Улаанбаатар нэгтгэлийнхэн Хан-Уул дүүргийн Айдасын даваанд халтиргаа үүсэхээс сэргийлж, хоёр тонн бодис цацжээ.

ОНЦГОЙГИЙНХОН 51 ХҮНИЙГ ОСГОХООС АВАРЧЭЭ

Ням гарагийн шөнө цурам хийлгүй бэлэн байдалд ажилласан төрийн байгууллагын нэг нь Онцгой байдлынхан. Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид хэд хэдэн дуудлагын дагуу ажиллаж, хүүхэд, өндөр настныг осгох аюулаас аварчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа “Prius” загварын суудлын автомашин цасанд суулаа гэсэн дуудлага ирсэн байна. Үүний дагуу аврах багийнхан 19.00 цагт очиж, долоон настай хүү, 63 настай эрэгтэй, 26 настай залууд тусламж үзүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн даваанаас Жаргалант тосгон орох замд “Land Cruiser” загварын автомашинтай иргэд шаварт суусан гэсэн дуудлага иржээ. Аврах ангийн зургаан албан хаагч 23:27 цагт очиж, дөрвөн иргэнийг аюулгүй газарт хүргэсэн аж. Түүнчлэн Тэрэлжийн даваанд олон машин цасан боогдсон дуудлага хүлээн авч, шуурхай ажиллаж, 44 хүнийг осгохоос хамгаалсан байна.

Т.БАТБАЯР: ДҮҮРГИЙН ТҮК-ҮҮД ЗАХЫН ХОРООЛЛЫН ЗАМЫГ ЦЭВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

-Улаанбаатар хотын хэмжээнд цас хайлуулах бодис, давсны нөөц хэр хангалттай байгаа вэ?
-Бид долдугаар сард өвөлжилтийн бэлтгэл хангах үүргийг дүүргийн удирдлагуудад өгсөн. Нийслэлийн хэмжээнд цас хайлуулах бодис 871 тонн, 1760 шоо метр элс, дайрга, 1586 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 1-н гэхэд нөөц бэлтгэх ажлын явц 90 хувьтай болно. Баянзүрх дүүрэг 138 тонн бодис, 262 тонн элс, давс нөөцлөх үүрэг авсан. Дүүргүүдийн нөөц хүрэлцэхгүй бол нэмж нөөцөлнө.

-Хэдэн удаа цас ороход хүрэлцэх нөөц бэлтгэсэн бэ?
-Эхний ээлжинд 20 удаагийн цасыг даваад гарах байх. Тэгж төлөвлөж элс, давс, бодис нөөцөлсөн. Өвөл цаг агаар хүндэрч болзошгүй учраас бэлтгэлээ сайн хангаж байгаа.

-Ням гарагт орсон их цасны улмаас осол гаргасан жолооч нар ТҮК-ийнхнаас мөнгө нэхэмжлэх эрхтэй гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ тухай ёстой мэдэхгүй юм. Замын хөдөлгөөний тухай хуультай холбоотой болов уу.

-Хотын төв хэсэгтээ цас хайлуулах бодис цацаад захын хорооллын замын цас, мөсийг арилгадаггүй шүү дээ. Энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?
-Хорооллын дундах замыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газар хариуцдаг. Тиймээс тус байгууллагынхан цэвэрлэх үүрэгтэй. Хариуцсан газраа өөрсдөө мэдэж байгаа. Тэгэхээр хариуцсан бүх замаа л халтиргаагүй байлгах ёстой гэсэн үг. Гэхдээ албан байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэйгээ бас мартаж болохгүй гэлээ.

Албан байгууллагууд ойр орчмынхоо газрыг цэвэрлэх үүрэгтэй ч тэр бүр биелүүлдэггүй талаар албаны хүмүүс шүүмжлэв. Цаашдаа цаг агаар хүйтэрнэ гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байгаа. Тиймээс иргэдийг хол газар явахдаа өвлийн бэлтгэлээ сайн хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сануулж байна. Зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт ч зам даваа хаагдаж, намрын улирал шувтарсныг сануулсан дохио өглөө.

Үнэндээ олон цагаар ийм их хэмжээний цас орно гэсэн мэдээлэл авсан хүн Монголд бараг байхгүй гэхэд болно. Энэ талаар мэддэг, таньдаг байгууллага нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр анхааруулж, сэрэмжлүүлсэн ч юм алга. Тэгэхээр энэ байдлаараа цаашид бид байгалийн гэнэтийн үзэгдэл, гамшгаас өөрийн зөн совин, мэдрэмжээрээ л хамгаалах хувилбар үлдэх нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26034
0 эможи
keyboard_arrow_up