МЭНДЧИЛГЭЭ

2015 оны 10 сарын 20

Нийслэлийн ууган дүүргүүдийн нэг, бүтээгч үйлдвэрлэлийн эздийн нутаг, Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, Хан-Уулын хормой Хатан туулын хөвөө түшин налайж суугаа ахмад буурал өндөр настнууд, хийж бүтээх, сурах мэдэхийн их тэмүүллээр гялалзаж яваа залуучууд, бидний ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе.

 

Улаанбаатар хотын маань анхны иргэд нь ажилчид байлаа. Тэдний ажилсаг гар, уйгагүй хөдөлмөр, эх оронч сэтгэл зүтгэл, хөлс хүчээр Нийслэл маань өнөөгийн өнгө төрхөө олсон төдийгүй, бидний амьдран суугаа Хан-Уул дүүргийн маань шав, суурь бий болж, тэр л үеэсХан-Уул дүүрэг маань “Ажилчны” хэмээх сайхан нэртэйгээр үүсэн байгуулагдаж, дүүрэг дүүргээс ялгагдах онцлогууд тэр л үеэс бий болж эхэлсэн түүхтэй.

Жил ирэх бүр Хан-Уул дүүрэг маань өсөн дэвжиж, хүн ам маань нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн  ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл өдрөөс өдөрт сайжирч байна.

Өнөөдөр, Хан-Уул дүүрэг маань түүхт 50 жилийнхээ хугацаанд хүн амын хувьд 5.8 дахин, өрхийн хувьд 6 дахин өсч, 140 мянгуулаа 16 хороонд ажиллаж, амьдарч байна.Мөн дүүрэгт маань 8400 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд, 52000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж 664.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэлийн нийт аж үйлдвэрлэлтийн 10.6 хувь, нийт борлуулалтын 8.7 хувийг эзэлж байна.

Хан-Уулчууд бид хөгжил, бүтээн байгуулалтынхаа ажилчин нь байж өнөөдөр ч нийслэл төдийгүй улсдаа томоохонд тооцогдох бүтээнбайгуулалтыг хийсээр байна. Тухайлбал:

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Богд уулын зам, Чингисийн өргөн чөлөө, Яармаг-Нисэхийн зам, Био-Шувуун фабрикийн зам, Өлзийт -Шувуун фабрикийн зам, Ажилчны зам, Дунд голын зам, Яармагийн хос гүүр, Хос гүүрнээс ТЭЦ-3-ийн баруун хойд уулзвар хүртэлх зам, Дунд голын замыг нарны замтай холбосон зам зэрэг дүүргийн гол ачаалалтай нийт 80 орчим км магистрал замыг өргөтгөн шинэчилж, шинээр байгууллаа. Мөн дахин төлөвлөлт, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон томоохон ажлуудыг хийж хэрэгжиж байгаад иргэд талархан хүлээж авч байна.

Манай дүүрэг өнгөрөгч 2014 оноос нийслэлд анх удаа хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, авьяас чадварыг нь нээн илрүүлэх, орчин үеийн материаллаг баазад тулгуурлан хичээлийг сонирхолтой хэлбэрээр зааж сургахад зориулан 1.1 тэрбум төгрөгийн төсөв бүхий “Хүүхдэд-ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдэд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дүүргийн бүхий л өрх, цаашлаад иргэн бүрт  үзүүлж буй төрийн бодитой оролцоо юм. Хүүхэд эрүүл, аюулгүй бол тэнд аз жаргал байна, хүүхэд сурч боловсорч, хүмүүжиж байвал тэнд Монголын баялаг байна гэж бид үздэг.“Хүүхдэд-ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хувьд хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил гэсэн 2 дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эрхэм хүндэт Хан-Уулчууддаа дүүргийнхээ 50 жилийн ойн баярын гал халуун мэндийг дахин хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Description: http://khanuul.mn/Data/uploads/editorimages/%D0%97%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3%20%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%20%D0%B3%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD%20%D2%AF%D1%81%D1%8D%D0%B3%20%20%D0%96.%D0%93%D0%B0%D0%BD%D1%85%D1%83%D1%8F%D0%B3.png

ЗАСАГ ДАРГА       Ж.ГАНХУЯГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25860
0 эможи
keyboard_arrow_up